Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбооны урилгаар Японы Хигашикава хотын дэд дарга Ичикава Наоки, тус хотын Олон улсын сурагчдын Фото фестиваль зохион байгуулагч Яачи Юүки, Япон гэрэл зургийн холбооны ерөнхийлөгч Ёошино Хироаки болон Хигашикава хотын ахлах сургуулийн сурагчид манай улсад айлчилж энэ сарын тавнаас аравны хооронд байна.
Хоёр тал цөөнгүй соёлын арга хэмжээ зохион байгуулж байгаагийн нэг нь хоёр орны сурагчдын хамтарсан “Oneness” гэрэл зургийн үзэсгэлэн юм. Үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Уран зургийн галерейд болсон бөгөөд хүүхдүүдийн 60 бүтээлийг дэлгэлээ.
Энэ удаагийн айлчлал Монгол, Япон улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд монгол, япон сурагчдын хамтарсан “Oneness” гэрэл зургийн үзэсгэлэн, “Гэрэлт Ертөнц – 0.5 секундын зун” кино үзвэрийн нээлт болон бусад соёлын арга хэмжээгээр өрнөлөө.
“Oneness” гэрэл зургийн үзэсгэлэнд:
Япон улсаас,
- Хоккайдо мужийн Хигашикава хотын дунд сургууль,
- Мияаги мужийн Широиши техникийн ахлах сургууль,
Монгол Улсаас,
- Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургууль ,
- Шинэ Эхлэл Сургууль,
- Олонлог Академи Сургууль,
- Нийслэлийн ерөнхий боловсролын 5-р сургууль,
- Монгол-Оросын хамтарсан сургууль,
- Дархан-Уул аймгийн Оюуны ирээдүй цогцолбор сургууль,
- Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын Дарын цогцолбор сургуулийн сурагчид бүтээлээрээ оролцлоо.
Хигашикава хотын тухайд Олон улсын хүүхдийн “Хигашикава” фото зургийн фестиваль, уралдааныг жил бүр зохион байгуулдаг бөгөөд сүүлийн гурван жилд монгол хүүхдүүд амжилт гаргаж, тэргүүн байруудыг нь хүртээд байгаа юм.
Энэхүү соёлын солилцооны хөтөлбөр, арга хэмжээг Монгол Улсын Соёлын Яам, Нийслэлийн засаг даргын тамгын газар дэмжин ажиллаж байна.