-Ямар хүйтэн байна аа. Гараа жаахан ээгээдэхье.
-Дасгал хийж байхдаа аймар даарлаа. Дахиад цамц давхарлаж өмсдөг юм бил үү.
-Тэгсэн нь дээр. Халаалт хэзээ ирэх юм бол.
-Ээж намайг халаалт иртэл бэлтгэлд явуулахгүй гэсэн.
-Яагаад?
-Ханиад хүрчихнэ гээд.
-Өө, тийм үү. Халаалт хурдан ирээсэй.
Заалны захад тавьсан нэгэн жижиг цахилгаан халаагуурт гараа ээн зогсох хоёр охин ийн ярилцан сууна. Дасгалжуулагч Д.Оюунтуяа жаахан ч болтугай илч нэмэх, нэмэр болгох гэсэндээ дээрх халаагуурыг гэрээсээ авчиржээ. Гэхдээ энэ жижигхэн халаагуур ийм том заалыг яаж халааж хүрэх билээ. Ойр орчмоо жаахан дулаацуулж байв.
Хуваарийн дагуу энэ сарын 1-нээс албан байгууллагуудад халаалт ирсэн. Шугам сүлжээний асуудлаас болж халаалтгүй байгаа тул жавар хургасан, хүйтэн зааланд гимнастикчид бэлтгэл хийхээс өөр аргагүйд хүрчээ.
Гимнастикийн зааланд өдөрт нас, насны ангилалд 300-350 тамирчин бэлтгэл хийдэг. Спортын онцлогоос шалтгаалаад тэдний олонх нь бага насны хүүхдүүд. Гимнастикчид дасгал, үзүүлбэрээ гүйцэтгэх, бэлдэхийн тулд заавал гутлаа тайлах шаардлагатай. Дээр нь заал хүйтэн, тэр тусмаа доороосоо их хайрч байгаа тул цөөнгүй хүүхэд ханиад хүрэн, хоолой өвдөөд бэлтгэлдээ ирэх боломжгүй болсон талаар дасгалжуулагч нар учирлаж байлаа.
Энэ талаар дасгалжуулагч Д.Оюунтуяагаас тодрууллаа.
Д.ОЮУНТУЯА: ХАЛААЛТ ХЭЗЭЭ ИРЭХ НЬ ТОДОРХОЙГҮЙ БАЙНА
-Энэ жижиг халаагуурыг та гэрээсээ авчирсан юм байна, тийм үү?
-Тийм ээ. Хүүхдүүд гүйж ирээд гар, хөлөө ээж дулаацчихаад бэлтгэлээ хийдэг. Овоо нэмэр болоод л байгаа юм. Ойрд цаг агаар хүйтрээд халаалтгүй зааланд бэлтгэл хийхэд улам л хүндрэлтэй болж байна. Энэ хавийн байгууллагууд дунд байдаг нэг шугам эвдэрсэн гэсэн. Засварын ажил хавар эхэлсэн, уг нь. Бид зунжингаа халуун усгүй байсан. Үйлчлэгч маань одоог хүртэл хүйтэн ус халаагаад угааж, цэвэрлэж байгаа.
Манай заал дээвэр муутай. Дээрээсээ дусаал гоождог. Одоо доогуураа чийг татаад, цан цохиод доороосоо нэлээд хүйтэн байна. Миний лав удирдлагад бэлтгэл хийдэг 10-аад хүүхэд доороосоо даараад, ханиад хүрээд бэлтгэлдээ ирэхгүй байгаа.
Шавь нартаа “Ээ, дээ даарав. Хоёр давхар оймстой, цуцаан цамц, өмдтэй ирээрэй” гэж захиж байгаа. Яалт ч үгүй тамирчид хэрэглэл дээр гарахаараа гутлаа заавал тайлах шаардлагатай. Тэгээд доороосоо даараад байна.
-Засварын ажил хэзээ дуусна гэнэ?
-Яг хэзээ дуусах нь тодорхойгүй байгаа. Тэгэхээр халаалт хэзээ ирэх нь ч бас тодорхойгүй байгаа гэсэн үг.
ТАМИРЧИН Н: БЭЛТГЭЛ ДЭЭРЭЭ АЙМААР ДААРДАГ
Би16 настй. Бэлтгэл дээрээ аймар даардаг. 16 настай би ингэж даарч байгаа юм чинь бага насны хүүхдүүд яаж даарч, хүнд нөхцөлд бэлтгэл хийж байгаа нь тодорхой.
Хэрэглэл дээр гарахдаа гүрийгээд л бэлтгэлээ хийдэг. Хэчнээн даарч байсан ч бэлтгэлээ заавал хийх ёстой. Дасгалаа дуусгангуутаа шууд цамцаа өмсдөг. Тэгээд бас энэ халаагуур дээр ирээд гараа ээхээр гоё дулаацдаг. Халаалт хурдан ирээсэй л гэж бодож байна.
ТАМИРЧИН Г: ХҮЙТЭН ЗААЛАНД БИЕ АМАРХАН ХӨРЧИХДӨГ
Гимнастикийн тамирчдад бие халаалт их чухал. Биеэ сайн халааж байгаад бэлтгэл хийвэл бэртэж гэмтэх эрсдэл бага. Бэлтгэл илүү үр дүнтэй болдог. Гэтэл хүйтэн зааланд бэлтгэл хийхээр бие амархан хөрчихдөг. Тэгэхээр ханиад хүрэх, өвдөх, бэртэх эрсдэлтэй нөхцөлд бэлтгэл хийж байна. Тэглээ гээд яалтай билээ. Бэлтгэл хийхгүй байлтай биш.