Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр /2022.10.05/ танилцууллаа.
Тэрбээр хэлэхдээ "Хөгжлийн банкны ээлжит мэдээллийг танилцууллаа. Төрийн өмчийн үйлдвэрийн газруудтай холбоотой чанаргүй зээлийг үлдсэн хугацаанд эргэн төлүүлж, барагдуулах чиг үүргийг холбогдох сайд нарт төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт өгсөн.
Энэ хугацаанд эрчимтэй үргэлжилж буй ажил ч байна. Удааширч байгаа зүйлүүд ч бий. Өнгөрсөн нэг сарын хугацаанд нийт 140 орчим тэрбум төгрөг чанаргүй зээл бэлэн мөнгөөр төлөгдөж, энэ оны нэгдүгээр сараас хойш 800 тэрбум төгрөг эргэн төлөгдлөө. Ингэснээр Хөгжлийн банкны тэнцэл сайжирч, ирэх онд төлөгдөх хоёр ч бондын эрсдэл энэ хэмжээгээр багасч байна гэсэн үг.
Нийт 140 тэрбум төгрөг нөхөн төлүүлэхэд "Эрдэнэс Тавантолгой" компаниас 160-иад тэрбум төгрөгийн зээл төлөх ёстой. Эхний ээлжид 117.3 тэрбум төгрөгийг барагдууллаа.
Хоёр талаасаа сайн ажиллалаа. Үлдсэн 43 тэрбум төгрөгийг он гараад эхний улиралд багтаан төлөхөөр хоёр талаасаа тохиролцсон. Мөн "МИАТ" компани 10 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдлээ бүрэн төлж барагдуулснаар Хөгжлийн банкинд өргүй болж байна гэсэн үг.
ТОСК, НОСК-иас нийлээд нэг тэрбум гаруй төгрөгийг төлж барагдуулсан. Цаашда "Хөтөлийн цемент шохой" ТӨХК болон "Эрэл" компанийн чанаргүй зээлүүдийг төлүүлэх, "Шинэ-Яармаг" хорооллын зээлийг нөхөн төлүүлэх тал дээр хүч тавин ажиллаж байна. Бидэнтэй Авлигатай тэмцэх газраас маш сайн хамтарч, дэмжлэг үзүүлж ажиллаж байна. Ойрын хугацаанд бодит үр дүн гарна гэж бодож байна. Энэ дундуур Хөгжлийн банкны зээлийг төлөхөд үйл ажиллагаа нь доголдох эрсдэлтэй учраас Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газартай хамтран Хөгжлийн банкинд ажлын хэсэг гаргаж, хэд хэдэн хувилбар дээр ажиллаж байна.Дараагийн удаа ЗГ хэрхэн шийдэх, ойрын хугацаанд тодорхой хариу өгч ажиллана" гэлээ.