Ургийн усны шинжилгээний бодис өнгөрсөн зургаадугаар сард тасарсан, жирэмсэн эхчүүд ургийн гажиг тодорхойлуулах боломжгүй болсон талаар бид өмнө нь сурвалжилга бэлтгэсэн. Тухайн үед уг шинжилгээний бодисыг яаралтай оруулж ирэхээр ажиллаж байна гэж байв. Гэтэл одоог хүртэл ургийн усны шинжилгээний бодис тасарсан хэвээр байна.
Уг шинжилгээг эмэгтэйчүүд жирэмсний 16-17 хоногтойд өгч, ургийн ямар нэгэн гажиг байгаа эсэхийг тодорхойлуулах зайлшгүй шаардлагатай байдаг. Энэ шинжилгээг өгөөгүй тохиолдолд урагт ямар нэгэн эрсдэл үүссэн эсэхийг мэдэх боломжгүй. Гэвч өнөөдөр манай улсад энэ бодис тасраад дөрвөн сар болж байна. Жирэмсэн эмэгтэйчүүд урагт ямар нэгэн гажиг байгаа эсэхийг мэдэж чадахгүй, удаан хугацаанд дугаарлан хүлээсээр байна.
Хамгийн гол нь тухайн шинжилгээг заасан хугацаанд л хийлгэх боломжтой бөгөөд удаан хүлээсэн зарим эмэгтэйн заасан хугацаа нь дуусаж, ямар эрсдэлтэйгээ ч мэдэхгүйд хүрээд байна.
Тухайн бодисыг ЭХЭМҮТ-д нийлүүлэх тендерт “Илдэнгүн хошуу” ХХК ялж, энэ урвалжийг нийлүүлдэг байсан гэнэ. Гэтэл зургаадугаар сарын 22-нд тус урвалжаа нийлүүлэх байсан ч өнөөдрийг хүртэл тодорхой шалтгааны улмаас нийлүүлэх боломжгүй болсон гэж ЭХЭМҮТ-д мэдэгджээ.
ШИНЖИЛГЭЭНИЙ БОДИСЫГ ГЕРМАНААС ТУРКЭЭР ДАМЖУУЛАН ЯАРАЛТАЙ ОРУУЛЖ ИРЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА
Тухайн бодис яагаад тасарсан, яаралтай оруулж ирэхийн тулд ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар “Илдэнгүн Хошуу” ХХК-ийн мэргэжилтэн Д.Эрдэнэбилэгээс тодрууллаа.
Тэрбээр “Манай компани зургаан жилийн турш энэ бодисыг оруулж ирж байна. Ковидын үед ч хэвийн оруулдаг байсан. Анх удаа л ингэж тасарч байна. Яалт ч үгүй давагдашгүй хүчин зүйл тулгараад байна.
Энэ бодисыг урьд нь Израилиас Оросоор дамжуулж оруулдаг байсан. Гэтэл Орос, Украины дайнаас шалтгаалан энэ замаар оруулах боломжгүй болсон. Бид өөр хаанаас, яаж оруулж ирэх талаар судалсаар байна. Германаас оруулахаар хөөцөлдсөн боловч “Боломжгүй” гэсэн хариу ирсэн. Учир нь Солонгосоор дамжих учир Инчоний нисэх онгоцны буудалд удах эрсдэлтэй гэсэн хариу өгсөн.
Мөн бид Шанхайн үйлдвэрээс авахаар ярьсан ч Хятад талаас товлогдсон байсан хоёр ч нислэг цуцлагдсан. Агаараар тээвэрлэх боломжгүй гэдэг шалтгаанаар есдүгээр сарын 26-30-ны нислэгүүдийг цуцалсан.
Бид яаралтай оруулж ирэх талаар бүх л аргаар судалж, бүх газарт холбогдож байна. Мөн Эрүүл мэндийн яам, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар зэрэгт биднийг дэмжиж ажиллах хүсэлт явуулсан.
Бид одоо Германаас Туркаар дамжуулан оруулахаар хэлэлцэж байна. Үүнийг бүтээхээр бүх хүчээрээ ажиллаж байна” гэсэн юм.
МОНГОЛООС ШАЛТГААЛАН ГАЦААСАН ЗҮЙЛ БАЙХГҮЙ
Мөн бид Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын хэвлэлийн ажилтан Ч.Очирмаагаас тус компанитай ямар байдлаар хамтарч ажиллаж байгаа болон ургийн усны шинжилгээний бодисыг оруулж ирэхэд ямар арга хэмжээ авч байгаа тухай тодруулсан юм.
Тэрбээр “Манай байгууллагын хувьд нөөц тасалдаж байгаа эм, тоног төхөөрөмжүүдийг оруулахаар бүх газартай хэлэлцэж байна. Тус бодисын хувьд тээвэрлэлтийн онцгой горим шаардлагатай. Тиймээс агаараар шууд тээвэрлэх боломжгүй гэж Хятад талаас хоёр удаагийн нислэгээ цуцалсан байна.
Монгол талаас шалтгаалан гацаасан зүйл байхгүй. Бид боломжтой бүх хувилбарыг судалж, яаралтай оруулж ирэхээр “Илдэнгүн Хошуу” ХХК-тай хамтран ажиллаж байна” гэв.
Ургийн усны шинжилгээний бодис тасарснаас шалтгаалан жирэмсэн эмэгтэйчүүдэд ямар нэгэн эрсдэл үүсвэл хэн хариуцах вэ. Энэ асуудлаар ЭМЯ-ны эмнэлгийн тусламжийн газрын дарга Ж.Нарангэрэлтэй утсаар холбогдоход “Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц, татан авалтыг эмийн агентлаг хариуцдаг” гээд утсаа таслав. Нэмж тодруулахаах залгасан боловч утсаа авсангүй.