Гантогтохын Хандсүрэн. Спортын хорхойтнууд тэр тусмаа волейбол сонирхогчид энэ нэрийг андахгүй. 25 настай тэрбээр Монголын волейболын шигшээ багийн тамирчин. Үүний сацуу гадаадын цөөнгүй лигт өрсөлдөн, монгол тамирчны ур чадвар, авьяас, тоглолтын өвөрмөц хэв маягийг гайхуулсаар яваа авьяаслаг волейболчин.
Хөдөлмөрийн баатар Х.Баянмөнх аваргын ач, улсын гарьд Б.Гантогтохын охин Г.Хандсүрэн Японы дээд лигт Монголоос анх удаа тоглон, анхны жимийг нь гаргасан анхдагч амжилтын эзэн.
Спортын гэр бүлд төрж, өссөн, удамт тамирчин тэрбээр волейбол сурах, өөрийгөө хөгжүүлэх зорилгоор 2014 онд Японд очсон. Улмаар Японы оюутны нэгдүгээр лигт дөрвөн жил тоглосных нь дараа “Брийт Хамамацү” багаас түүнд санал ирсэн юм. Ингэснээр Наран улсын дээд лигт өрсөлдөх үүд Г.Хандсүрэнд нээгджээ.
181 см өндөр тэрбээр дараа нь буюу 2021-2022 оны улиралд Тайванийн дээд лигийн “King Whale” багт тоглоод мөнгөн медаль авсан. Мөн тухайн багийнхныхаа хамт Филиппинийн премьер лигт өрсөлдөхдөө дэд аварга болж, монгол тоглогч хэр авьяастай, ур чадвартайг харуулсан юм.
Багийн спортын төрлөөр монгол тамирчин гадаадын лигт өндөр амжилт гаргах, легионер тоглогч болох боломжтойг амжилт, ур чадвараараа хамгийн сайн харуулж, үлгэрлэж яваа шилдгүүдийн нэг нь тэр яах аргагүй мөн.
-Монголдоо ирээд багагүй удлаа. Ойрын үед юу хийж, бүтээж байна даа?
-Сүүлд Тайванийн “King Whale” багийнхны хамт Филиппинийн лигт өрсөлдөөд мөнгөн медаль хүртсэн. Тэр тэмцээний дараа эх орондоо ирсэн. Бүх ард түмний наадмын бэлтгэл хэсэг хугацаанд хийлээ. Тухайн наадамд Говь-Алтай аймгийн багаас өрсөлдөөд мөнгөн медаль хүртлээ. Ойрд ийм л сонинтой байна даа.
-Хөдөлмөрийн баатар Х.Баянмөнх аварга залуудаа волейболын спортод сонирхолтой байсан гэдэг. Та хэдэн настайдаа энэ спорттой амьдралаа холбосон билээ?
– Буурал аав минь надад их ярьдаг байхгүй юу. Би чөлөөт бөхөөр барилдах уу, волейбол тоглох уу гээд явж байсан хүн дээ гээд. Тэгэхээр манай удамд генийн юм байж магадгүй.
Би волейбол тоглохгүй гээд нэлээн зугтаасан хүн (инээв). 2013 онд буюу 16 настайдаа энэ спортоор анх хичээллэн, амьдралаа холбож байлаа. Японд очоод үргэлжлүүлэн хичээллэсэн нь мэргэжлийн түвшинд өрсөлдөх, тууштай тоглоход их нөлөөлсөн.
-Тамирчны карьерын тухайд өвөө, аав нь охиндоо юу гэж захиж, зөвлөдөг бол?
-Миний тамирчны карьерт, тодорхой шийдвэр гаргахад нэг их оролцдоггүй. Мэдээж “Миний охин ингэвэл, тэгвэл зүгээр” гээд зөвлөлгүй яах вэ.
Буурал аав маань “Тамирчин хүн хөл сайтай байх ёстой” гэж захьдаг юм. Нэг зун гэр бүлийн наадам дээр надад “Хөл муутай байна шүү. Хөлөө сайжруулан, машин шиг л байх хэрэгтэй” гэж хэлж байсан юм. Би харих замдаа уйлаад (инээв). Буурал аавдаа гомдож, эрхэлсэндээ уйлаагүй. “Тэгж их бэлтгэл хийгээд байхад яагаад сайжирдаггүй хөл вэ” гэж дотроо бодон, эморч билээ. Аав минь “Тамирчин хүн иймхэн юманд уйлж болохгүй” гээд аргадсан юм. Одоо эргээд бодоход ёстой инээдтэй, дурсамжтай санагддаг.
Би Японд байхдаа нэг удаа “Волейболын спортоор хичээллэх хүн би мөн үү” гэж эргэлзсэн юм. Тэгэхэд аав минь надад “Хүн уулын оргил руу нь гарах гэж мацдаг” гэж хэлсэн. Гүн утгатай тэр үг надад олон зүйлийг бодогдуулсан. Нэгэнт зорьсон, сайн тамирчин болъё гэж зүтгэж яваа юм чинь заавал зорилгодоо хүрнэ гээд үргэлжлүүлэн хичээллэн, бүр ч хичээгээд мацсан.
-Хүн бүхэн дархан аваргын ач, хүчит гарьдын охин гээд хүндэлж, амжилт хүлээх нь заримдаа дарамт болох юм уу?
-Багадаа тиймэрхүү зүйл мэдэрдэг байсан. Тэмцээнд оролцоход хүн бүхэн л “Аваргын ач, гарьдын охин байна” гээд харна, амжилт хүлээнэ. Одоо бүр дачихсаан. Олонх хүн намайг хараад “Яг өвөө, аав байна шүү дээ. Адилхан юм аа” гэдэг.
Намайг жаахан байхаас “Гурав дахь үе” гэж өхөөрддөг байлаа. Тэр үеэс “Би сайн байх ёстой юм байна” гэдэг мэдрэмж их авдаг байлаа. Одоо эргээд бодоход тэр бүхэн миний хүч болсон, одоо ч үргэлж хурцалдаг.
Хүмүүс “Өвөө, аавыг нь дэмждэг, сайн тамирчид. Одоо гурав дахь үеийг нь дэмжээд явж байгаадаа бахархалтай байна” гэж хэлэхэд нь огшдог. Тэгж дэмжиж, урам өгдөг хүмүүст энэ ташрамд баярлалаа гэж хэлмээр байна.
Монгол түмний бахархал, хүндлэлийг хүлээсэн өвөө, аавынхаа нэр хүндээр бус өөрийн хийсэн, бүтээснээрээ танигдахыг, амжилтад хүрэхийг хүсдэг. Зарим хүн “Аваргын ач юм бол хүссэндээ хүрнэ биз” гэж хэлэх нь ч бий. Сэтгэл өвтгөм үгийг хэнэггүй хэлдэг хүмүүс бас бий шүү (инээв). Зөв шударга, ариун цагаан хөдөлмөр хүнийг бүтээдэг гэдгийг би гэр бүлийнхнээсээ сурсан. Гэр бүлийн хүмүүжил намайг өнөөгийн амжилтад хүргэсэн байж ч болох юм.
-Энэ жил наадмаар Х.Баянмөнх аварга зодог тайлсан. Та зодог тайлах ёслолд нь оролцсон. Монгол түмний бахархал болсон өвөөгөөрөө, удмаараа их бахархсан нь мэдээж.
-Тэгэлгүй яах вэ. Өвөөгөөрөө, ийм сайхан хүний ач охин болж төрснөөрөө үнэхээр их бахархсан. Буурал аав дэвээд, цолыг нь дуудахад хэчнээн сайхан санагдаж, бахархал төрсөн гэж санана. Түүхэн ойн наадамд өвөөгийн минь цолыг дуудаж, монгол даяараа баярлан, бахдахыг харах сайхан байлаа. Буурал аавыг, цол, амжилтыг нь хүндлээд гэр бүл, шавь нар, үр хүүхэд биднийг хүндлээд, зодог тайлах ёслолд оролцуулж, хүндэтгэл үзүүлсэнд нь талархаж байна.
Наадмын дараа хүмүүс намайг бүр их таньдаг, мэддэг болсон. “Хандсүрэн гэдэг ийм охинтой юм байна” гээд. Наадмын дараа хүмүүс аягүй их хардаг болчихсон. Үсээ шараар будуулсныг хэлэх үү. Содон харагдсан байж мэднэ.
Үүнийг дагаад надад маш их үүрэг, хариуцлага ирж байгаа. Бэлтгэл сургуулилалтаа улам эрчимтэй хийж, хичээхэд түлхэц, хүч болсон. Улам өндөр амжилт гарган, эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгахын төлөө хичээнэ ээ.
-Х.Баянмөнх аварга төрсөн дүүд нь зодог, шуудгаа өвлүүлсэн. Дүү нь үндэсний бөхөөр барилддаг уу?
-Дүү маань энэ жил 14 настай. Буяндэлгэр гэдэг. 181 см, яг над шиг өндөр болчихсон. Сүүлийн үед бэлтгэлээ хийгээд эхэлчихсэн байгаа.
-Ингэхэд ер нь таныг бөх болгоно гэдэг байв уу. Бөх болох, жүдо, чөлөөтөөр ч юм уу барилдах бодол танд байсан уу?
-Юуны түрүүнд миний сонирхол, хүслийг их сонсдог байсан. Бас охин хүүхэд бөхөөр барилдаад дэмий, хичээллүүлэхгүй гэдэг байсан юм. Би хэдэн жилийн өмнө “Хасу Мегаватт”-ын зааланд бэлтгэл хийж байсан юм. Гэтэл “Чөлөөтийн шигшээ багийн бэлтгэл дээр ороод ирээрэй” гэлээ. Яваад ортол дэлхийн аварга, Монголын бахархал болсон тамирчид байв. Тэдэнтэй дэвжээн дээр гарч үзэв ээ. “Тэнцвэр сайтай юм” гэж багшдаа магтуулаад амжсан удаа бий шүү (инээв).
-Хандаа Японы дээд лигт Монголоос анх удаа тоглосон. Тэд таныг онцолж, лигийнхээ тамирчин болгоход хамгийн их нөлөөлсөн зүйл юу вэ?
-Тоглолтын ур чадвар, хэв маяг маань бусдаас өөр, өвөрмөц гэж хүмүүс надад их хэлдэг. Өөр техниктэй гэж хэлдэг хүн олон. Тэр нь магадгүй Японы лигт өрсөлдөхөд, дээшээ тоглоход нөлөөлсөн байх.
-Тамирчин хүнд алдах, онох үе олон. Алдаанаасаа суралцаж, улам өндөр амжилтад хүрэх гишгүүр болдог гэдэг. Та алдахаас айдаг уу?
-Миний амьдрал ч мөн алдаа, оноотой. Төгж зүйл гэж байхгүй шүү дээ. Би алдаж болно. Алдаагаа аль болох засаад, давтахгүй явахыг хичээдэг. Миний алдааг хэн нэгэн хараад “Ингэж болохгүй юм байна шүү” гэж ухамсарлаж байгаа нь эргээд надад гал дөл болдог.
-Дахин гадаадын лигт тоглох, легионер болох бодол бий юү?
-Одоогоор гурван улсын клубээс санал ирээд байгаа. Бүх ард түмний наадамд өрсөлдсөний дараа “Монголдоо тоглох болсон юм байна. Сурсан, мэдсэнээ бусдад заая” гэж бүр их бодогдох боллоо. Тэгж байтал Тайванийн клубээс аягүй том урилга ирсэн. “Чи үнэхээр сайн тамирчин. Дараагийн лигт дахиад тоглооч. Түрүүлэхийн төлөө зүтгэе” гэсэн. Тайванийн лигт тоглох уу, яах вэ гэсэн эргэлзээтэй сууна.
-Та одоогоор иргэншлээ хадгалаад, гадаадын лигт тоглож байгаа. Улсынхаа тамирчин болгох санал өөр орноос хэр олон ирдэг вэ?
-Тийм сонголтын өмнө хоёр ч удаа зогсож үзсэн. Аав, ээж минь “Үнэхээр өндөр хөгжилтэй, спорт хөгжсөн Японы шигшээд тоглуулъя. Амжилт гаргах бүх нөхцөл боломжоор хангая” гэж байгаа юм бол иргэншлээ сольж яагаад болохгүй гэж. Тэглээ гээд аав, ээжийн охин хэвээрээ. Миний охины судсаар монгол цус урсах нь хэвээрээ” гэж нэг удаа хэлсэн байхгүй юу. Маш олон зүйлийг бодож, өөрийнхөө дотоод сэтгэлийг сонсоход би бол иргэншлээ сольж чадахгүй юм байна лээ. Тэгээд л иргэншлээ солиогүй. Иргэншлээ солихгүйгээр, иргэншлээ хадгалаад гадаадын лигт тоглох надад үнэхээр чухал.
-Тамирчны карьераа Монголдоо үргэлжлүүлэх, дасгалжуулагчаар ажиллах бодол бий юү?
-Би мэргэжлийн багш, дасгалжуулагч хүн. Монголдоо карьераа бий болгоод, сурсан, мэдсэнээ хуваалцан, жаахан хүүхдүүдтэйгээ ажиллахыг хүсэж байна. Юуны тулд легионер болсон билээ, тийм ээ. Тайванийн волейболын холбооны ерөнхийлөгч нь “Чиний тоглолт үнэхээр сонирхолтой. Манай Тайванийн лигт хүрэлцэж ирсэнд баярлалаа” гэж хэлсэн бодогдоод л байна. Энэ нь эргээд цаагуураа Монголын болон Тайванийн волейболг холбох гүүр ч болох юм бил үү. Монголынхоо волейболын спортыг хөгжүүлэх ийм гарч, шийдлүүд харагдаад байгаа байхгүй юу.