"Лоолойгийн найзууд" хүүхдийн нэвтрүүлэг хөтөлж, “Адтай жаалууд” кинонд сэргэлэн жаахан хүүгийн дүрд тоглосон Б.Ёндонжамц өдгөө аль хэдийнэ мэргэжлийн жүжигчин болжээ. Түүний тоглосон "Алсын удирдлага" кино нь Бусаны олон улсын кино наадмын “Шинэ давлагаа” төрөлд шагнал хүртсэн юм. Мөн UBS телевизийн “Бэрүүд” олон ангит киногоор нь үзэгчид түүнийг андахгүй болжээ. Хийдэд шавилан шавилан суух бяцхан ламхай урлагийн зам руу эргэлт буцалтгүй орсон түүх, шинэ үеийн залуусын хүсэл мөрөөдөл, уран бүтээлч сэтгэлгээ, нийгэмд хандах хандлага гээд түүнтэй олон сэдвээр ярилцлаа. Хааяа хааяа хүүхдээрээ мэт гэнэн цагаан яриатай ч ирээдүйн төлөвлөгөө, хандлага төлөвшил нь аль хэдийнэ холын замдаа гарчээ.
ХИЙДЭД ШАВИЛЖ СУУДАГ БАЙСАН МИНЬ ТОГЛОСОН ДҮРТЭЙГЭЭ САЛШГҮЙ ХОЛБООТОЙ
Баян-Очирын Ёндонжамц энэ жил 24 настай. “Лоолойгийн найзууд” нэвтрүүлгийн хөтлөгч, “Адтай жаалууд” хүүхдийн олон ангит киноны жүжигчин, “Хазаар цэцэгсийн дуулал”олон ангит кино, “Бэрүүд” киноны хүргэн хүү, "Алсын удирдлага" киноны Шүхэрч Буниа зэрэг цөөнгүй дүрд тоглоод амжсан нэгэн. Бага байхад нь аав нь түүнийг дагуулж, хөтлөгчийн дугуйланд элсүүлснээр урлагийн замд орох эхлэлээ тавьж байжээ. “Тэндээс л нөхөрлөлийн үнэ цэнийг таньж, хүүхэд насандаа тасралтгүй хөгжиж, цагийг ч хөгжилтэй, сайхан дурсамжтай өнгөрүүлсэн” хэмээн ярив. “Лоолойгийн найзууд”-ын Шинээ, Ариунгоо нарын халааг авсан нь түүнд цаашид дэлгэцийн, ямар ч байсан урлагийн хүн болно гэдэг урмыг нь дэвэргэжээ.
Найруулагч С.Бямбаагийн "Алсын удирдлага" кинонд тоглосон нь түүнд анхны томоохон сорилт болж байжээ. Хэл ярианы багш Л.Сарантуяа нь “Киноны дүрийн шалгаруулалт болж байна. Очоод шалгуулчих” гэхэд нь “Очоод жүжиглээд өгье” гээд найзуудтайгаа уралдаад гүйгээд очиж. Гэтэл С.Бямбаа найруулагч өөд өөдөөсөө харж суугаад ярилцжээ. “Алсын удирдлага киноны шалгаруулалтын үеэр Буддын шашны тухай ярьсан. Бямбаа найруулагч надтай ярилцсаныхаа дараа зохиол дээрээ дүр нэмээд, намайг оруулсан гэж ярьж байсан. Тэр кинонд “Шүхэрч буниа” зохиолын баатрын болон багштайгаа хамт амьдардаг ламхайн дүрийг бүтээсэн. Миний ачит аав намайг бусдаас арай илүүг сурч мэдээсэй гэсэндээ долоон настайд минь хийдэд шавилуулж суулгаж байсан. Би ч түүндээ сонирхолтой байлаа. Ер нь л аливаа юмны цаад учрыг мэдэхийг их зорьдог хүүхэд байсан л даа. Яагаад ингэдэг юм бол… Яагаад гээд л. Маш олон яагаад гэх асуулт дунд өссөн дөө. 15 нас хүртлээ эрдэм номтой олон хуврагаас суралцаж, Буддын шашны тухай ойлголтуудыг авч, цаашлаад ном сурсан. Хийдийн ламхай кинонд тоглосон тэр үе минь бол сайхан хувь заяа гэж боддог. Одоо эргэн дурсахад сайхан байдаг” гэлээ.
ДҮР БҮХНЭЭСЭЭ ШИНИЙГ ОЛЖ ХАРАХЫГ ХИЧЭЭДЭГ
Тоглосон дүр бүрээсээ тэр шинийг олж харахыг хичээдэг аж. Тэрбээр энэ тухай ярихдаа “Хазаар цэцэгсийн дуулал киноноос уран бүтээлчийн төсөөллийн орчин, фантаз гэдэг зүйл ямар гайхалтай вэ гэдгийг олж таньсан. Бэрүүд киноноос амьдралын үнэ цэнэ, гэр бүл ямар чухлыг ойлгосон” гэв. Сургуулиа төгсөөд удаагүй шинэхэн жүжигчин Ёндоо дөнгөж л суралцаж эхэлж байгаа гэж өөрийгөө үнэлдэг тул “дүр бүтээх” гэж ярих дургүй аж. “Дүрд тоглосон, кинонд оролцсон” хэмээн ярилцлагын туршид дурдаж байв.
ЖҮЖИГЧИН ХҮН ЖҮЖИГЛЭЖ Л БОЛОХГҮЙ
Жүжигчний уран чадварын тухай ойлголтын талаар тэр ингэж тодорхойлов. “Жүжигчид хэзээ ч жүжиглэж болохгүй гэж дээд үеийнхэн маань хэлдэг. Жүжиглээд эхлэх юм бол болохоо байчихна. Бид дэлгэц гэх дөрвөлжинд жинхэнэ амьдралыг харуулах гээд байгаа юм. Амьдралын эгэл мэдрэмжүүдийг өөрсдөө мэдэрч чаддаг байж л дүрээ гаргана.
Сүүлийн үед өвөг дээдсийн сайхан уламжлалыг мэргэжлээрээ дамжуулаад авч үлдэх ёстой юм байна гэдгийг ойлгож байгаа. Монгол уран бүтээлчид маань ч өврөө уудалж эхэлж байна. Түүх, өв соёл гээд гадныхны өөрийнхөө өврийг уудалж байна шүү дээ. Өв соёлын тухай ярихаар миний СУИС-д элсэж байсан үе санаанд ордог юм. Би найзуудтайгаа нийлж, богино хэмжээний кино бүтээх уралдаанд орсон юм. Сэдэв нь миний мөрөөдөл. Тэр үед хүүхэд байсан ч хоёр найзтайгаа нийлээд, Дундговь аймаг руу зориглоод явсан. “Мөрөөдөл гэдгийг томоор хараад яах вэ. Энэ бол Монгол уламжлал юм шүү дээ” гэдэг утга харуулахыг зорьсон. “Хөдөөний эгэл малчны хүү ховоогоор ус татаж, аав ээждээ тусална. Хариуд нь ээжийнхээ авдраас амттан авдаг. Ийм л эгэл ахуйн тухай харуулж, “Авдрын амттан” киногоо бүтээсэн. Кино маань Монголдоо шалгарч, Япон улсад болсон олон улсын наадмаас ч шилдгийн шагнал хүртсэн. Тэгж л СУИС-иас элсэн суралцах урилга авсан минь дурсамжтай сайхан байдаг” гэв.
ААВ ШИГЭЭ ЭР ХҮН БОЛМООР БАЙНА
"Эко" телевизийн бүтээл "Хазаар цэцэгсийн дуулал" киноны үеэр ээж, ахын хамт.
Ёндоо айлын эрх бага хүү. “Гэхдээ ах нар маань надад буруу эрхлэх боломж олгоогүй хэмээн” инээмхийлэн ярив. Тэр гэр бүлийнхээ тухай байн байн ярьж, надад балчраасаа өөрийнхөөрөө байх боломжийг нээж өгсөн, хүсэл сонирхлыг минь дэмжсэн” гэж дурсамжаа хуучлав. Тэрбээр гэр бүлийнхээ тухай ярихдаа “Миний ээжийг Баатарын Наранцэцэг гэдэг. Цаг уурч мэргэжилтэй. Намайг юугаар ч дутаалгүй өсгөсөн. Тэр хайрыг би бусдад түгээхийг хүсдэг. Эвт шаазгай буга барина шүү гэж сургадаг. Миний аав олонд хайрлагдаж хүндлэгдсэн сайхан хүн байсан. Эргээд бодоход, эд баялаг гэхээсээ илүү цаашдаа яаж амьдрах вэ, юу хийж бүтээх вэ, тэр болгоныг хүүхдүүдийнхээ хүсэл зорилгоос хамаарч сонгож өгөөд явсан. Одоо дээрээс харж байгаа. Гэр бүлдээ хайртай. Миний аав эр хүн. Аав шигээ л эр хүн болмоор байна” гэлээ.
ХИЙЖ БУЙ ЗҮЙЛ БҮХЭНДЭЭ ЁНДОНЖАМЦЫГ Л “ШИНГЭЭХИЙГ” ХҮСДЭГ
“…Миний баримталдаг зарчим бол хэлсэндээ заавал хүрэх. Хоёрдугаарт, юу хийсэн ч Ёндонжамц гэдэг хүний чанарыг түүндээ шингээх юм уу даа. Залуучууд бие биенээ хүлээн зөвшөөрдөг байгаасай гэж хүсдэг. Хүндлэлээс хүндлэл бий болдог шүү дээ. Бас бусдад тээр саад болохгүй байвал гоё. Би найз охинтойгоо хамт нэг дэвтэр хөтөлдөг. Амьдралд болсон гоё зүйлсээ түүндээ бичдэг. Эргээд харахад “Тухайн үед ийм юм болсон юм байна. Би энэ үеэсээ энд ирчихсэн байна. Хэр өөрчлөгдсөн бэ? Миний дэвшилт юу вэ? Миний буурсан тал юу вэ гэдгийг шүүх боломж гардаг” гэж тэр өөрийгөө тодорхойлж байна.
ӨНГӨРСӨНД, ИРЭЭДҮЙД САНАА ЗОВООД ХЭРЭГГҮЙ, ТЭР ЧИНЬ ОДОО БАЙХГҮЙ ШҮҮ ДЭЭ
“…Өнгөрсөн гэж угаасаа л өнгөрсөнд үлдсэн зүйл. Одоо байхгүй. Түүнийг бид яаж ч хичээгээд өөрчилж чадахгүй. Болоод өнгөрчихсөн шүү дээ. Ирээдүй гэж байхгүй. Яагаад гэвэл надад ирээгүй байгаа учраас… Тийм учраас одоодоо байх л чухал. “Green book” гээд миний үзэх дуртай кино байдаг. Тэр киноны гол дүрийн залуу ингэж хэлдэг. “Миний аав надад ингэж хэлж байсан. Аливаа зүйлийг хийхдээ 100 хувь хий. Юм идвэл 100 хувь ид. Инээвэл 100 хувь инээ. Гуниглавал 100 хувь гунигла. Яг одоо гэсэн утгыг илэрхийлээд байгаа юм шиг санагдсан. Би үүнийг баримталдаг.
ХҮМҮҮС ОРОЛЦООТОЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ ГЭДГИЙГ ХЭВЛЭЛИЙН САЛБАРТ АЖИЛЛААД МЭДЭРЧ БАЙНА
Би одоо Өрөг.мн сайтдаа ажиллаж байгаа. Ажиллах хугацаанд анзаарагдсан зүйл нь бид бүгдээрээ оролцоотой байх чухал юм байна. Улстөр гэдэг зүйл бидний ирээдүйг шийднэ шүү дээ. Оролцоогоо илүү нэмэгдүүлье. Шаардах ёстойгоо шаардаад, биелүүлэх ёстойгоо биелүүлээд явъя гэж хүмүүст хэлмээр санагдсан. Бид хяналтаа тавьж, дуу хоолойгоо хүргэж чадвал нийгэм, Монгол улс маань сайхан болох байх аа гэж бодож байна.
Бас, хандлагаа өөрчилцгөөе. Хайртай хүмүүстээ яаж ханддаг билээ, түүн шигээ хайртай хотоо хайрлацгаая. Гудамжинд шүлс,тамхины ишээ хаяхаа больё. Гудамжаар тамхи татаж алхахаа больё. Хэн нэгнийг удаан ширтэхээ больё. Мөрлөхөө больё. Улаанбаатар хот амьтай. Улаанбаатарын үдэш намуухан. Улаанбаатартаа хайртай” гэж өөрийн үзэл бодлоо илэрхийллээ.
Түүнийг Адтай жаалууд киноны хөтлөгч хүү, бяцхан ламхай гэж төсөөлдөг байсан би огт өөр хүнтэй уулзсан мэт мэдрэмж авав. Алиа хошин яриатай Ёндоо “Бага байхдаа хийдэд суудаг учраас халзан л байдаг байлаа. Одоо харин үсээ ургуулж байна. Ингэхээр охин гэж их андуурагдах юм. Хүмүүс хөөрхөн охин бэ гэхээр нь эргэж хараад баргилдуу хоолойгоор “Яасан?” гэхээр их гайхдаг юм хэмээн маазарч байв. Тэр ирээдүйд жинтэй уран бүтээл хийх мөрөөдөлтэй. Мөрөөдлийнхөө замдаа тэр бүхий л талаар өөрийгөө хөгжүүлэхийг зорьж байна. Одоо хийж буй зураглаачийн ажил маань ч өөрийгөө хөгжүүлэх нэг боломж" хэмээн ярьсан юм.
Видео ярилцлагыг дээрээс хүлээн авч үзнэ үү.