АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга баасан гарагт БНХАУ-ын гадаад хэргийн сайдад Тайванийн энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалах нь нэн чухал гэж онцолсон. Үүнийг БНХАУ-ын талаас АНУ Тайванийн асуудлаар "маш буруу, аюултай дохио" илгээсэн гэж буруутгалаа.
Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы үеэр АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, БНХАУ-ын гадаад хэргийн сайд Ван И нар 90 минут үргэлжилсэн “шууд бөгөөд шударга” хэлэлцээ хийсэн гэж хэвлэлүүд тодорхойлж байна. Энэ уулзалтын гол сэдэв нь Тайвань байсан гэж АНУ-ын албаны хүнээс мэдэгдсэн. “Манай төрийн нарийн бичгийн дарга Тайванийн хоолойн энх тайван, тогтвортой байдлын талаар маш ойлгомжтой хэлсэн” гэж АНУ-ын албаны хүн мэдээлсэн.
Харин уулзалтын талаар БНХАУ-ын гадаад хэргийн яамнаас “Тайванийн хараат бус байдлын талаар хэдий чинээ ярьж, оролцох тусам төдий чинээ энх тайвны шийдэл холдоно” гэж мэдэгдээд байна.
ЭХ СУРВАЛЖ: THE GUARDIAN