Лхагва гарагт ХДХВ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэх Глобаль Сангийн уулзалтад дэлхийн удирдагчид цуглаж, дэмжлэг үзүүлэхээр болсон. Харин энэ уулзалтаар БНСУ-ын ерөнхийлөгчийн хэлсэн үг бичлэгт үлдэж, цахим ертөнцөд цацагдсан даруйдаа олны анхаарлыг татаад байна. Тодруулбал АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байдентай уулзсаны дараагаар Юн Сук Ёл тайзан дээр алхаж байхдаа хэлсэн үг нь бичигджээ. Тэрээр “Тэр н***нууд үүнийг нь батлахгүй бол Байден ёстой ичиж үхмээр байдалд орно доо” гэж хэлсэн нь микрофонд сонсогдохуйц бичигджээ.
АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Глобаль Сан-д дэлхийн эрүүл мэндийн төлөө зургаан тэрбум доллар хандивлахаа амласан. Харин Конгрессоос үүнийг баталж байж биеллээ олох юм. БНСУ-ын ерөнхийлөгч энэ талаар хэлсэн байх магадлалтай гэж хэвлэлүүд таамаглаж байна.
БНСУ-ын MBC телевизийн албан ёсны юүтүб суваг дээр тавигдсан энэ бичлэгийг 4 сая гаруй хүн үзэж, хэдэн мянган сэтгэгдэл бичжээ.
ЭХ СУРВАЛЖ: CNN