Махса Амини хэмээх 22 настай эмэгтэй хижаб буюу гивлүүрээ буруу зүүснээс болж цагдаа нарт баригдсан. Улмаар саатуулагдаж байхдаа ухаан алдаж, эмнэлэгт гурав хоносныхоо дараа нас барсан юм. Түүний эмнэлэгт “комд” хэвтэж байх үеийн зурагт зодуулсан байх магадлалтай ул мөр анзаарагдсаныг, мөн гэрчийн мэдүүлгээр цагдаа нар түүнийг зодсон гэх мэдээллүүд томоохон хэвлэлүүдээр гараад байгаа юм.
Ёс суртахууны цагдаа нарын “ёс суртахуунгүй” үйлдэлд бухимдсан Ираны ард иргэд тэмцлийн жагсаал орон даяар өрнүүлээд долоо хонож байна. Энэ хугацаанд эмэгтэйчүүд гивлүүрээ шатааж үсээ хайчилж эсэргүүцлээ илэрхийлсэн. Эрэгтэй хүмүүс ч мөн жагсаалд ихээр оролцож байгаа юм. Махсм Аминигийн үхэл хэдэн арван жил Иранд эмэгтэйчүүдийн эрхийг боож, хязгаарлаж байсны үр дүн боллоо гэдгийг олон нийт илэрхийлж байна. Норвеги дахь “Iran Human Rights” ТББ-ын мэдээлснээр ард иргэд, цагдаа нарын хоорондох мөргөлдөөнөөс болж дор хаяж 50 хүн нас барсан гэсэн байна. Түүнчлэн зарим жагсаалд оролцогчид гэрээсээ гарснаасаа хойш холбогдоогүй, ор сураггүй алга болсныг гэр бүлийнхэн нь мэдэгджээ. Пүрэв гарагт АНУ-аас Ираны нэр бүхий ёс суртахууны цагдаа нарыг Махса Аминигийн үхэлд буруутай гэж үзэн хориг тавиад байгаа юм.
ЭХ СУРВАЛЖ: CNN