Эдийн засгийг сэргээх бас нэг гарц нь залуу малчдыг дэмжих. Нийслэлд хэт төвлөрөл бий болж, нөгөө талдаа мал дагах залуус ховордож байгаа энэ үед хотоос хөдөө рүү нүүж байгаа малчдыг урамшуулах хөшүүрэг чухал байна. Манай улс 180 мянга гаруй малчин өрхтэй. Үүнээс 30 орчим хувь буюу 60 мянга гаруй нь залуу малчид байна. Саахалтын хот айлын олуулаа цуглаад яриа хөөр болоход таван малчны хоёр нь хорь гаран насны залуус байдаг гэвэл үнэнээс хол зөрөхгүй. Тиймээс Засгийн газар залуу малчдыг бодлогоор дэмжиж, хотоос хөдөөг зорих айл өрхийг урамшуулахаар төлөвлөж байна.
Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ярихдаа “Засгаас газраас баталсан “Шинэ сэргэлтийн бодлого” өдрөөс өдөрт эрчимжиж байна. Энэхүү бодлогын “Хот хөдөөгийн сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хийх ажил их байна. Жил бүр Улаанбаатар хотын хүн ам 60-70 орчим мянган иргэнээр нэмэгдэж байгаагийн тал хувь нь хөдөөнөөс Улаанбаатар хотод шилжин суурьшиж байна. Тиймээс Улаанбаатар хотоос хөдөө орон нутаг руу очиж ажиллаж буй боловсон хүчнийг дэмжинэ. Нийслэлээс шилжиж, хөдөөд ажиллаж буй иргэдээ “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг дэмжиж байгаа шинэ үеийн илгээлтийн эзэд гэж үзэж ипотекийн зээлийн багц дэмжлэгийг олгоно. Улаанбаатараас хөдөө рүү шилжиж байгаа төрийн албан хаагчдын цалинг хоёр дахин нэмнэ. Мөн очиход нь нэг удаагийн тэтгэлэг олгох зэрэг нь ирэх оны төсвийн онцлог байх болно” гэсэн юм.
“Өнөөдөр Монгол орны бэлчээрийн 70 хувь нь ямар нэг байдлаар доройтсон. Малын тоогоо цөөлье” хэмээн ярих болсон. Гэтэл үүний цаана залуу малчдын халааг бэлтгэх асуудал хүнд болсныг хаа хаанаа хүлээн зөвшөөрч байна. Тиймээс ч төрөөс бодлогоор анхаарч, эдийн засгийн хөшүүрэг хийхээр болж байна. Хөдөөгийн цөөн хэдэн залуу малчин нийгмээс тусгаарлагдсан, гэр бүл болж чадахгүй оройтдог, эхнэр олдохгүйн зовлонтой нүүр тулдаг гээд олон ч асуудал бий. Тиймээс залуусыг хөдөө сумдад очиж, ажиллаж амьдрах боломжийг бүрдүүлэх нь чухал гэж үзэж байна.
Манай улсын эдийн засгийн 10 гаруй хувийг хөдөө аж ахуйн салбар бүрдүүлдэг. Салбарын өгөөжийг нэмэгдүүлж, уламжлалаа хадгалахад залуу малчин өрхүүдийг дэмжих бодлого хамгийн чухал гэдгийг хаа хаанаа онцолж байна. Малчин хүн гэдэг зүгээр ч нэг хувийн өмчөө маллаад, амьдарч байгаа төлөөлөл биш. Тэд Монгол уламжлал, өв соёлоо өнөө цагт тээж залгамжлуулдаг учраас залуу малчдыг халааг бэлтгэх асуудал юу юунаас чухал болоод байна. Ингэхдээ бол малчид цөөрөхийн хэрээр өв соёл ч бүдгэрэх аюул тулгараад байна.
Видеог дээрээс үзнэ үү.