НҮБ-ын индэр дээрээс дэлхийн удирдагчдын дийлэнх нь ОХУ-ын эсрэг дуугарч байна. Харин ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин цэргийн хүчин чадлаа нэмэгдүүлнэ гэдгээ өчигдөр мэдэгдлээ. Түүний мэдэгдлийн дараагаар тус улсын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу эхний ээлжинд 300 мянган нөөц цэрэг дайчилна гэж зарлалаа. Ингэхдээ зөвхөн нөөцөд байгаа Орос цэргүүдийг дайчлах бөгөөд өмнө нь цэрэг армийн туршлагатай байсан эсэхийг нь харгалзаж үзнэ гэжээ.
Мөн, ОХУ цэргийн хүчээ нэмэгдүүлж байгаа холбоотойгоор дадлага сургуулилалт хийхээр болсон байна. ОХУ-д цэргийн алба хаасан, “нөөц” гэх тодотголтой 25 сая хүн байгаа талаар CNN агентлаг мэдээлээд байна.
В.Зеленский ОХУ-ын удирдагчийн мэдэгдлийн хариуд “В.Путин зөвхөн Украины гэлтгүй өөрийн цэргүүдийн цусыг үзэхээр шийджээ” гэж хэлсэн байна.
Украины зүүн болон хойд хэсгийн ОХУ-ын хяналт тогтоосон байсан газар нутгийг Украины арми чөлөөлсөөр байна. Газар нутгаа чөлөөлж довтолсоор байвал өөр арга хэрэглэнэ гэдгээ Владимир Путин мөн сануулаад байна. Өөр арга гэдэг нь цөмийн зэвсэг байж болзошгүй хэмээн гадны хэвлэлүүд сэрэмжлүүлж байна. “Путин бүх аргаа хэрэглэнэ. Би худал хэлээгүй” гэжээ.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганаар Орос-Украины дайнаас гадна цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай хэлэлцэж байгаа юм. Харин Владимир Путины өчигдрийн мэдээлэл олон улсын аюулгүй байдалд улам аюул авчирч буйг шинжээчид анхааруулж байна.
Эх сурвалж: NBC, CNN