Украины сөрөг довтолгоо ОХУ-ыг хурдан хугацаанд мухардуулж буйг гадны хэвлэлүүд бичсээр байгаа. Түүнчлэн хагас жил үргэлжилж буй дайн, Киевийг эзэлж чадахгүй байгаа явдал нь “ОХУ-ын ялагдал” ойртож байна гэж зарим шинжээчдийг дүгнэхэд хүргэсэн.
Наймдугаар сарын сүүлийн байдлаар 25 мянга гаруй Оросын цэрэг Украины дайнд амь үрэгдсэнийг NY Times мэдээлсэн. Ийнхүү маш олон цэргийн амь авч одсон, мөн цэрэг зэвсгийн алдагдал хүлээгээд буй дайн дотоодын томоохон улс төрчдийг В.Путины эсрэг тэмцэхэд хүргэж байна.
Санкт Петербургийн улс төрч Дмитрий Палюга “Дайныг дэмжигч ч бай, либерал ч бай дийлэнх хүмүүс нэг л зүйлийг хүсч байна. Тэр нь Путиныг буулгах” гэж хэлжээ. Тэрбээр үргэлжлүүлэн Оросын арми ялагдал хүлээж байгаа бөгөөд өөр шиг нь либералчуудыг нэгдэхийг уриалаад байна.
ОХУ-д ерөнхийлөгчийнхөө эсрэг дуугарснаасаа болж хоригдсон тохиолдол цөөнгүй бий. Тиймээс энэ удаа Дмитрий Палюга ч болгоомжтой байх шаардлагатай тулгарч буйгаа хэлжээ. АНУ-ын тагнуул В.Путин энэ дайнд ялах боломжгүй гэснийг мөн CNN агентлаг мэдээлээд байна.
SOURCE: CNN