ШӨХТГ-аас хийсэн хяналт шалгалт болон "Бараа бүтээгдэхүүний гарал үүсэл ба хэрэглэгчийн мэдээлэл авах эрх" аяны талаарх мэдээллийг ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун хийлээ.
Тэрбээр "Энэхүү аяны хүрээнд есөн сарын нэгнээс арван сарын нэгний хооронд хяналт шалгалт явуулан ажиллаж байна.
Хяналт шалгалтуудын хувьд эхний ээлжид:
- Сүлжээ дэлгүүр, зах худалдааны төвүүдээр шалгалт хийлээ.
Бараа бүтээгдэхүүний лангууны үнэ, кассын үнэд хяналт шалгалт хийсэн.
Энэ шалгалтаар лангууны үнэ, кассын үнэтэйгээ зөрөх зөрчил их гарсан. И-март, CU, wellmart зэрэг дөрвөн дэлгүүрт тус бүр 5 сая төгрөгийн торгууль тавилаа.
- Мөн зургаан сарын сүүлээр хамгийн олон гомдол гарсан цементийн үнийн өсөлтийн шалтгааныг шалгалаа. Шалгалтын дүнд үйлдвэрүүд бус гэрээт борлуулагч нарт зөрчил илэрлээ. Зөрчлийн дагуу 15 ААН дээр хяналт шалгалт хийснээс зургаан ААН-д үндэслэлгүйгээр үнээ нэмсэн хэргээр тус тус 20 сая төгрөгөөр торголоо.
- Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбоотойгоор дүрэмт хувцасны үнэд мөн шалгалт хийлээ.
“Монголын оёдолчдын нэгдсэн холбоо” ТББ нь бараа бүтээгдэхүүний үнэ хэлэлцэн тохирсон байж болзошгүйг зөрчлийн хэрэг нээн ажиллаж байна.
Дээрх аяны хүрээнд бүтээгдэхүүн дээр заавал Монгол, Англи, Орос хэлээр хэрэглэх заавар, орц найрлага байх ёстой гэсэн шаардлага тавьж байна. Арван бүтээгдэхүүний зургаа нь гарал үүсэл нь тодорхойгүй байдалтай байгаа учраас үүнийг таслан зогсоохын тулд ажиллаж байна. Чанарын шаардлага хангаагүй, үйлдвэрлэгчдийн нэр байхгүй бүтээгдэхүүн их байна. Үүний цаана хүнсний аюулгүй байдал яригдаж байгаа учраас анхаарах хэрэгтэй" гэлээ.