УИХ-ын гишүүн Т.Доржханд МАН-ын захиалгаар ажиллаж, Үндсэн хуульд нэмэлт оруулах замыг нь засаж чадлаа. Улмаар, эрх баригчид дараагийн ээлжийнхнээ хоолонд оруулж, “бялуу хуваах” боломжийг нь мөн л тэр бүрдүүлэв. Угаас ХҮН бол МАН-ын “охин нам” гэх яриа, шүүмжлэл ч улстөрийн хүрээнд чих дэлсдэг. Түүнийгээ биелүүлэх мэт энэ удаад ч наанаа шударга ёс ярьсан атлаа цаагуураа хор хутгах нөхцөл бүрдүүлэхийн төлөө гүйхээрээ нэг боллоо. Яг ийм шүүмжлэл энэ өдрүүдэд нийгэмд хүчтэй өрнөж байна.
Уг нь, Хөдөлмөрийн Үндэсний намыг сөрөг хүчинд хүч нэмнэ, парламентыг эрүүлжүүлэхэд дэм болно хэмээн 2020 оны сонгуулийн дараа олон нийт харж байлаа. Гэвч тэр эрх баригчдын “утсан хүүхэлдэй” болж сонгогчдынхоо итгэлийг хөсөрдүүлсээр байна. Эрх баригч намынхан асар их овжин, зальтай. Өмнө нь сав л хийвэл иргэн Д.Ламжав гэдэг хүн гарч ирээд л, тэдний өмнөөс цэцэд мэдээлэл гаргаж гүйдэг байв. Харин одоо МАН-ынхны саад бартаатай замыг засах эмч домч нь Т.Доржханд болж хувирлаа. Ямартай ч тэр эдийн засаг хүнд үед Үндсэн хуульд хүч түрэмгийлсэн өөрчлөлт дур мэдэн оруулж, төрийн бүтцийг данхайлгахад гол үүрэг гүйцэтгэлээ. Эздийнхээ, МАН-ынхаа захиас даалгаврыг амжилттай биелүүллээ. Шагналдаа сайдын суудал авахаар жирийсэн ч тэгсхийгээд өнгөрлөө. Түүний энэ үйлдэл өнөөдөртөө үл мэдэгдэх ч алсдаа асар их хор хохирол дагуулах нь ойлгомжтой.
УИХ-ын чуулганы хуралдааны үеэр шинээр ЗГХЭГ-ын даргаар томилогдоод буй МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Т.Доржханд нар манай зурагчин Б.Бямба-Очирын дуранд ийнхүү буужээ.