Яамгүй ажиллах сайдуудын нэг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ болж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Эдгээр сайд нь салбар дундын уялдаа холбоог хангахад гүүр болж ажиллана” хэмээн мэдэгдээд буй. Спортын салбар яамгүй, зөвхөн агентлагийн хэмжээнд бодлогын нь асуудлыг нь зохицуулдаг. Тэгвэл салбарын ажлыг урагшлуулахад шинэ сайд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж харж байна. Ингээд УИХ-ын Б.Бат-Эрдэнийн намтар болон ажлын чиг үүргийн талаар хүргэе.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн – Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ:
– 1964 онд Хэнтий аймгийн Өндөрхаан суманд төрсөн.
– 58 настай
– Эхнэрийн хамт амьдардаг.
Боловсрол:
– 1982 онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 10 жилийн сургууль, 1990 онд Нийгмийг аюулаас хамгаалах яамны Цэргийн дээд сургууль, 2000 онд Монгол Улсын их сургуулийг тус тус төгссөн. Хуульч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны магистр, Боловсролын доктор зэрэгтэй.
Ажилласан байдал:
– 1983-2000 онд Биеийн тамир, спортын “Хүч” нийгэмлэгийн тамирчин, ахлах дасгалжуулагч, орлогч дарга, дарга,
– 1999 онд “Аварга” дээд сургуулийн захирал,
– 2004 оноос Их Хурлын гишүүн,
– 2009-2010 онд Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга,
– 2016-2017 онд Засгийн газрын гишүүн – Батлан хамгаалахын сайд,
– 2018-2020 онд Их Хурлын Ёс зүйн дэд хорооны дарга, 2020 оноос Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны даргаар ажиллаж байна.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн – Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайдын албан тушаалд томилох үндэслэл:
Монгол Улсад олимпизм, спорт, нийтийн биеийн тамир, эрүүл идэвхтэй амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, 2024 оны Парисын Олимп болон тив, олон улс, дэлхийн аваргын тэмцээнд оролцох Монгол тамирчдын бэлтгэлийг хангах ажилд томоохон хувь нэмэр оруулна” гэж үзэж байна.