“Хөрөг” нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаарт Төрийн өмчит Улаанбаатарын их сургуулийн багш, археологич Т.Идэрхангайг урилаа. Түүхэнд бичигдэх хэд хэдэн томоохон судалгааны ард гарсан тэрбээр хамгийн сүүлд, одоогоос 1800 жилийн өмнөх буюу Сяньбигийн үеийн түүхийг гэрчлэх археологийн олдворуудыг олж илрүүлсэн юм. Мөн 2020 онд дэлхий даяар хайж байсан Хүннүгийн Луут хотын туурийг Архангай аймгаас илрүүлж, шуугиан тарьсан. Үүгээрээ тэр Монголчуудын өвөг Хүннүчүүд Монгол нутагтттаа оршин тогтнохдоо соёл иргэншлийг бий болгосныг баталсан. Өөрөөр хэлбэл, "Луут хот манайх гэж ам бардам хэлэхийн сацуу Хүннүчүүд зэрлэг бүдүүлэг гэх маргаанд цэг тавьж, эрс үгүйсгэж чадсан юм.
Өнөө цагт улс үндэстэн бүр аливаа түүхийг өмчлөх гэж оролдох, өөрийн мэт тайлбарлах үзэгдэл газар авсныг доктор Т.Идэрхангай голлон хөндөж байна. Ийм үед төрөөс түүхэн судалгааг хөгжүүлэхэд онцгой анхаарах хэрэгтэйг онцолж байна. Учир нь, гадны санхүүжилтээс татгалзаж, гагцхүү өөрсдийн эх үүсвэрээр судалгаагаа өргөжүүлж байж, бидний түүх гуйвахгүй, үнэн мөнөөрөө үлдэнэ хэмээн ярилаа.
Үүнээс гадна, хүүхэд багачуудад Монголын түүхийг багаас нь зөв таниулах асуудалд санаа зовниж явдаг тухайгаа залуухан доктор бидэнд ярьсан юм. Учир нь, өнөөдөр ЕБС-ийн 11,12 дугаар ангийн сурагчдад Монголын түүхийн хичээл орохгүй байна. Энэ нь эргээд түүхээ мэдэхгүй, бүхэл бүтэн хойч үеийг бий болгож буйг хэллээ. Хүүхдүүд Монголын түүх гэхээр л зөвхөн Чингис хаанаар төсөөлдөг, ядмагхан ойлголттой байгааг боловсролын зөв тогтолцоогоор дамжуулан өөрчлөх ёстойг ч хөндсөн.
Ингээд түүний ярилцлагын онцлох хэсгүүдээс хүргэж байна.
• Түүх гэдэг Монгол улсын оршин тогтнохуй, аюулгүй байдалтай холбоотой. Түүхгүй ард түмэн бол хэн ч биш.
• Чингисээс урагшаа, 2000-аад жилийн өмнө Монгол хүмүүс байсан юм байна гэдгийг баталж чадвал Монголчууд хаашаа ч хөдлөөгүй энэ нутагтаа амьдарч байна гэсэн баталгаа.
• Нэг яс, нэг чулуу өөрөө түүхийг агуулж байдаг. Монголыг сонирхон судлах гадаадын судлаачид олон байдаг. Монголын түүхийн судалгаа хожуу эхэлсэн. Ялангуяа хоёр хөрштэйгээ харьцуулахад 100 жилийн дараагаас эхэлж байгаа юм. Судалгаа хоцрох үед бидний түүхийг гуйвуулах хүмүүс гарч ирдэг.
• Бид Хүннүгийн Нийслэл Луут хотын туурийг 2017 онд олсон. Үүгээрээ Хүннүчүүд зэрлэг бүдүүлэг хүмүүс байгаагүй гэдгийг баталж чадсан. Тухайлбал, Луут хот доороо бүхэл бүтэн усан сантай байсан нь ямархуу соёл тэнд оршин байсныг илтгэдэг.
• Монголын түүх бол дэлхийн түүх. Дэлхийн түүхэнд Монголчуудын эрт үед оруулж ирсэн хувь нэмрийг бид яаж үнэлэх вэ? Ингэхийн тулд дурсгалыг маш нарийн системтэй судалж байж, энэ бүгдийг ярих боломжтой.
• Бид дотоодын санхүүжилтээр явах нь зөв үү, гаднаас санхүүжилт авах нь чухал уу гэдэг асуудал чухлаар хөндөгдөж байна. Би Луут хотыг нээж илрүүлээд, зарлаагүй байхдаа хамтарч ажилладаг ганц нэг гадны хүмүүстээ мэдэгдсэн. Тэгэхэд хэд хэдэн газраас шууд 100 хувийн санхүүжилт аваад ирье гэж ярьсан. “Мөнгөний ямар ч асуудал байхгүй. Чи өөрөө ч гадагшаа сургуульд сур” гээд баахан зүйл хэлсэн. Ийм боломж дахиад гарах уу гэж би эхлээд бодсон. Ганц нэгт нь нааштай хариу өгөөд л …Сүүлд бодоод байхад тэр нөхдүүд яах вэ гэдэг асуудал байгаа юм. Ингээд шууд татгалзсан.
• Ялангуяа, сүүлийн үед манай түүхийг Европ руу татах үзэл нэлээд газар авч байна. Евхоп,Африкаас хүн үүссэн, явж явж Монголд сүүлд нь салаад ирсэн юм шиг… Нүүдэлчид баруунаас салж ирээд Монголд тархсан гэх мэтээр ярьдаг. Манай түүхийг иймэрхүү байдлаар өмчлөх гуйвуулах оролдлого их. Тэр байтугай Казахстан улс Чингис хаан манайх гэдэг шүү дээ. Хятадууд хүртэл Францтай хамтарч манай Чингис хааны үзэсгэлэн гаргах гээд л… Ер нь бид энэ асуудалд болгоомжтой хандах ёстой.
• Үүний хамгийн гол гарц нь Монголчууд өөрсдийгөө санхүүжүүлээд явах л асуудал байгаа юм. Гадныхан мөнгө оруулаад ирвэл, манай судалгааны үр дүнгүүдийг гадагшаа цацахад гадны хүмүүс л эхний автор болж явна. Жорж Монголд тийм нээлт хийлээ гэх мэт… Тэр хүмүүс түүхийг гуйвуулж тайлбарладаг. Өөрсдийнхөө түүхийг хэр урагшлуулаад, хэр холдуулаад, хэр эртнийх болгоно… Тэр улс хамгийн хүчтэй болж таарч байгаа юм.
• Гэтэл манайд бүх юм байгаа мөртлөө түүнийгээ судалж чадахгүй хүний “хоол” болох магадлал маш их.
• Бид энэ удаагийн Сяньбигийн судалгааг дадлагын хүрээнд хийж байна. Улаанбаатар их сургуулиас ойр зуурын зардлыг нь гаргасан. Бид 20 гаруй хонохдоо цалин мөнгө байхгүй… Сонирхлоороо ажиллаж байгаа байхгүй юу. Яах вэ, бид цалин мөнгө авах гээд байгаа юм биш… Манай шинжлэх ухаан хөгжөөд, дэмждэг байсан бол бид төрийн санхүүжилтээр ажиллаж л байхыг үгүйсгэхгүй. Түүхэндээ сул ханддаг байдал нь манай өндөр дээд албан тушаалтнууд түүхээ сайн ойлгохгүйд л байгаа юм шиг санагддаг юм. Үүний ач холбогдлыг сайн мэддэггүй.
• 10 жилийн сургалтанд тавдугаар ангиас нь түүхийг маш сайн заагаад, 12 төгсгөл нь өв соёлоо таниулах ёстой байхгүй юу. Гэтэл 11,12 дугаар ангид нь түүх заахгүй байна гэдэг л маш буруу зүйл.
• Монгол хүн өөрийнхөө түүхийг мэдэхгүй төгсөж байна. Магадгүй зарим хүүхэд Монголын түүхийг зөвхөн Чингис хаанаар л төсөөлж байна.
• Монгол нутаг дээр байгаа хамгийн эртний хүний яс Монгол хүн. Бүр чулуун зэвсгийн үе… Чулуун зэвсгийн үеэс авахуулаад Монголчууд байсан гэдгийг харуулах чухал. Түүхэн судалгааг хэлхэж залгах асуудал бидний өмнө чухлаар тавигдаж байна.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.