Манай улсын иргэн, 35 настай О гэх эмэгтэй Сингапур улсад кофе шопоор үйлчлүүлж байхдаа үймээн дэгдээж, улмаар хоригдсон талаар тус улсын хэвлэлүүд мэдээллээ. Тэрээр кофе шопоор үйлчлүүлэх үедээ бусад үйлчлүүлэгчдэд бүдүүлэг хандаж, ёс зүйгүй авирласан байна. Ингээд түүнийг зогсоохоор ирсэн цагдаагийн алба хаагчийн эмзэг цэг рүү өшиглөжээ.
Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн манай улсын иргэн О-г 12 долоо хоног хорихоор болж, гурван мянган долларын торгууль ноогдуулсан байна. Энэ хэрэг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард болсон бөгөөд шүүхийн шийдвэр нь энэ долоо хоногт гарчээ.
Иргэн О нь хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь шалтгалтаар тогтоогдоод байна. Цагдаа нар түүнийг гавлаж, түр хорихоор авч явахад эсэргүүцэл үзүүлсээр байсан бөгөөд хоёр цагдаагийн нэгнийх нь эмзэг цэг рүү халдаж, ийнхүү хуулийн хариуцлага хүлээгээд байна.
Өшиглүүлсэн цагдаагийн алба хаагч тухайн үедээ ажлаасаа хоёр хоногийн чөлөө авч, алхаж чадахгүйд хүрсний улмаас эмнэлгээр тэргэнцэртэй явж байсан талаар хэвлэлд дурджээ. Хэрэг үйлдсэн манай улсын иргэн О-гоос орчуулагчаар нь дамжуулан мэдүүлэг авахад “Цар тахал эхэлснээс хойш гэрийнхнээсээ холдоод их хэцүү байна. Би сэтгэл санааны хүнд байдалд орсон. Хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна” гэжээ.
Түүний хувьд хийсэн хэрэгтээ харамсаж байгаа ч давж заалдах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Учир нь, түүний хэргийн материал дээр ямар ажил эрхэлдгийг нь бичээгүйгээс гадна, яагаад Сингапурт байгаа талаар нэг ч өгүүлбэр дурдаагүй байна.
Сингапурт төрийн албан хаагчийг санаатайгаар хохироосон этгээдийг долоо хүртэлх жилийн хугацаагаар хорих хуулийн заалттай байдаг юм байна. Олон нийтийн газарт бусад руу ёс бусаар дайрсан бол 5000 долларын торгууль ногдуулж, 12 сар хүртэлх хугацаагаар хорих зохицуулалт мөн үйлчилдэг байна.
Эх сурвалж: THE STRAITS TIMES