Германы Ханновер хот Оросын байгалийн хийн хямралын улмаас орон сууцнуудын халаалтыг хааж, халуун усгүй болжээ. Ингэснээр Ханновер хот Орос Германы хийн нийлүүлэлтийг эрс багасгасны дараа халуун усаа хаасан анхны том хот болж байгаа аж.
Германчуудад хийн хэмжээг бууруулах өргөн арга хэмжээ авч, эрчим хүчний төлбөртөө нэмэлт төлбөр төлдөг болтол хүлээх хэрэгтэй гэж мэдэгдэж байв. Мөн ЕХ энэ өвөл Оросоос импортлодог хийн хэрэгцээгээ 15 хувиар бууруулахаар тохиролцсон юм.
Германы хойд нутагт байрлах Ханновер хот эрчим хүч хэмнэх үүднээс орон сууцнууд, усан сан, спортын ордон, биеийн тамирын заалны шүршүүрт халуун ус хэрэглэхээ больсон байна. Үүгээр зогсохгүй эрчим хүч хэмнэх үүднээс нийтийн усан оргилууруудыг “зогсоож” байгаа бөгөөд хотын захиргаа, музей зэрэг томоохон барилгуудыг шөнийн цагаар гэрэлтүүлэхгүй гэнэ.
Хотын дарга Белит Онай хэлэхдээ “Хотуудад томоохон сорилт болж буй хийн хомсдолын хариуд хотын эрчим хүчний хэрэглээг 15 хувь бууруулах зорилго тавьсан. Энэхүү хязгаарлалт нь халаалтад ч хамаатай.
Жил бүрийн дөрөвдүгээр сараас есдүгээр сарын эцэс хүртэл орон сууцнууд халаалтгүй байх бол жилийн үлдсэн хугацаанд өрөөний температур хамгийн ихдээ 20С хүртэл хязгаарлагдах гэнэ. Мөн хотын захиргаа зөөврийн агааржуулагч, халаагч, радиатор хэрэглэхийг хоригложээ.
Герман улс өвөл болохоос өмнө нөөцөө бүрдүүлэхээр хичээж байгаа тул Ханновер хотын хязгаарлалт өнгөрсөн долоо хоногт Берлинээс зарласан бодлоготой яв тав нийцэж байгаа юм.
Баварийн Аугсбург зэрэг бусад хотууд нийтийн усан оргилуурыг унтраах гэх мэт өөрсдийн арга хэмжээг аль хэдийн нэвтрүүлээд буй. Герман эрчим хүчний хэрэгцээгээ Оросын хийгээр удаан хугацаанд хангасаар ирсэн боловч Украины дайны улмаас ЕХ-ны хориг арга хэмжээний хариуд ОХУ-ын хийн урсгалыг хязгаарлаж байна гэж буруутгаж байгаа. Орос үүнийг үгүйсгэсээр байгаа билээ. Дайны өмнөхтэй харьцуулахад одоо Оросын байгалийн хийн нийлүүлэлт Герман улсын хэрэгцээний дөрөвний нэг орчим хувийг эзэлж байна.
Эх сурвалж: BBC News