Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хэрэглэгчээс ирүүлсэн болон цахим орчинд гарсан мэдээллийн дагуу Стандарт, хэмжилзүйн газартай хамтран шатахуун түгээх газруудын АИ-92 автобензиний түгээгүүрийн хошууны шахалт (дутуу шахалт)-ын хэмжээнд хяналт шалгалт хийсэн. Шалгалтын дагуу шатахууны жижиглэн худалдаа эрхлэгчдэд шатахуун түгээх газрууд хэмжилтийн сав байлгах, дотоод хяналтын журмаа сайжруулан, хяналтыг тогтмол хийж гомдол маргааныг шуурхай шийдвэрлэж байх талаар шаардлага хүргүүлсэн. Уг шаардлагын дагуу “Шунхлай”, “Тэс петролиум”, “Жаст”, “Магнай трейд”, “НИК”, “Петростар”, “Шижир ойл”, “Мон суль”, “Синчи ойл”, “М-Ойл” зэрэг компаниас тодорхой арга хэмжээ авч ажиллаж байгаа тухайгаа албан бичгээр хариу ирүүллээ.
Шатахууны жижиглэн худалдаа эрхлэгчид ШТС-уудаа мерник буюу хэмжилтийн саваар бүрэн хангаж, дутуу шахалттай холбоотой гаргасан иргэний гомдол маргааныг газар дээр нь шуурхай шийдвэрлэх нөхцөл боломжоор хангаж байгаа. Мөн дотоод хяналтаа сайжруулж, хяналтыг тогтмол хийж гомдол маргааныг шуурхай шийдвэрлэх болсон талаараа албан бичигтээ дурдсан байна.
Иргэн танд шатахууны шахалттай холбоотой эргэлзээтэй асуудал гарсан тохиолдолд тухайн ШТС-ын ажилтанд хандаж хэмжилтийн сав буюу мерникээр газар дээр нь хэмжиж шалгаарай.