Үндэсний хөрөнгө оруулалтын банк мөнгөгүй гэсэн шалтгаанаар иргэний хадгалсан мөнгийг өгөхгүй нэг сар болжээ. Энэ банканд иргэн Э.Энхчимэг 57 сая төгрөг хадгалуулж долоон сарын нэгэнд авах байсан ч нэг сарын хугацаанд удаа дараа хүсэлт явуулсны үр дүнд 15 сая төгрөгөө 2-3 хувааж авсан байна.
Өрөг.мн сайт иргэнээс ирсэн гомдол мэдээллийн дагуу Үндэсний хөрөнгө оруулалтын банкан дээр очиход үйл ажиллагаа явуулаагүй, хаалгаа барьсан байдалтай байсан юм.
Энэ талаар иргэн Э.Энхчимэг, “Би Үндэсний хөрөнгө оруулалтын банкны Дархан дахь салбарт 2021 оны найман сар теллерээр орсон. Ажилд орсноос хойш ажилтны гүйцэтгэл харна гэдэг байсан. Эх үүсвэр татах ёстой гэсэн тушаал ирдэг. Дээрээс шат шатны удирдлагууд дарамталдаг гэсэн үг. Цалин мөнгөтэй ярина гэх зэрэг дарамт ирдэг болохоор аргагүйн эрхэнд гэр бүлийнхнийхээ байр авах мөнгийг байрлуулсан юм. Ингэхдээ удирдлагадаа энэ бүхнийг хэлсэн. “Манай гэр бүлийнхний байр авах мөнгө. Долоодугаар сарын нэгэн гэхэд байр авах ёстой” гээд. Тэгэхэд тэр үед нь гаргана. Эх үүсвэр орж ирж байгаа асуудалгүй гэж байсан. Гэтэл мөнгөө авч чадахгүй бөөн чирэгдэл болоод байна.
Би дотор нь ажилладаг хүн болохоор 10-20 удаа хүсэлт илгээсэн. Ингээд хариуд нь 2-3 сая төгрөг авдаг. Байр авах хугацаа маань хойшлогдоод байдаг. Дотор нь ажилладаг тиллер гэдэг утгаараа миний хүсэлтийг удирдлагууд хүлээж авдаггүй. Би банканд мөнгөө хадгалуулчхаад гуйж аргадаж 2-3 саяар нь хэдэн удаа аваад өдийг хүрлээ. Хэдэн барилгын компанийн зээл төлөлт хүлээж байна, тэр болтол хүлээж байгаач гэсээр байгаад өнөөдрийг хүрч байгаа юм” гэв.
Бид энэ асуудлаар Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас тодуулахаар холбогдсон боловч эргээд ярья гээд хариулт өгөөгүй. Харин иргэн Э.Энхчимэгт банкны мэргэжилтэн н.Уранбилгүүн дараах тайлбарыг өгсөн байна.
“Манайд төрийн их хэмжээний мөнгө байсан. Гарах ёсгүй мөнгө байсан чинь дээгүүрээ ярьж байгаад хэдэн тэрбумаар нь татаж авсан. Одоо манай дансанд байрших мөнгө байхгүй. Тэр нөхцөл үүсээгүй байсан бол хэвийн явах байсан юм” гэжээ.