Орос улс 2024 оноос Олон улсын сансрын станцаас (ОУСС) гарч, оронд нь өөрийн станц байгуулна гэж мэдэгдлээ.
АНУ, ОХУ бусад түншүүд 1998 оноос хойш ОУСС дээр амжилттай хамтран ажиллаж ирсэн. Гэвч Орос Украинд түрэмгийлснээс хойш харилцаа муудаж, Орос өмнө нь барууны эсрэг авсан хориг арга хэмжээний улмаас төслөө орхино гэж сүрдүүлж байсан юм.
НАСА-ийн зүгээс ОХУ-ын хөтөлбөрөөс гарах тухай албан ёсны мэдэгдэл хараахан аваагүй гэдгээ мэдэгдэв.
Сансрын таван агентлагийн хамтарсан төсөл болох ОУСС нь 1998 оноос хойш дэлхийг тойрон тойрог замд гарч, олон мянган шинжлэх ухааны туршилт хийхэд ашиглагдаж байгаа сансарын станц юм.
Уг станцыг 2024 он хүртэл ажиллуулахаар анх батласан ч АНУ бүх түншүүдийн тохиролцоогоор энэ хугацааг дахин зургаан жилээр сунгах хүсэлтэй байгаа аж. Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахдаа Роскосмос төрийн корпорацийн тэргүүн Юрий Борисов “Роскосмос түншүүдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлнэ” гэж мэдэгдсэн ч уг шийдвэр өөрчлөгдөн 2024 оноос хойш төслөөс гарахаар болжээ.
"2024 оны үед бид Оросын тойрог замын станцыг байгуулж эхэлнэ гэж бодож байна" гэж Юрий Борисов хэлээд шинэ станц нь түүний агентлагийн нэн тэргүүний зорилт гэдгийг онцолсон байна. Түүний энэ үгний хариуд Ерөнхийлөгч Путин "Сайн байна" гэж хариулсан талаар эх сурвалжууд мэдээлэв.
Энэхүү шийдвэр нь ОУСС-ын ирээдүйд ямар ач холбогдолтой, нөлөөтэй байх нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд АНУ-ын сансар судлалын НАСА агентлаг Оросоос уг шинэхэн төлөвлөгөөнийх нь талаар албан ёсны мэдэгдэл аваагүй гэж мэдэгдэв.
ОУСС-ын командлагч асан, АНУ-ын тэтгэвэрт гарсан сансрын нисгэгч, доктор Лерой Чиао Орос улс төслөө орхих шийдвэр гаргах магадлал багатай гэж үзэж байгаа аж. Учир нь "Энэ бол оросуудын санаачилга гэж би бодож байна. Тэдэнд өөрсдийн станц барих мөнгө байхгүй, үүнийг хийхэд хэдэн жил шаардлагатай. Энэ замаар явбал тэдэнд өөр юу ч байхгүй" гэж тэр ВВС-д ярьжээ.
Эх сурвалж: BBC News