ОХУ-ын их дээд, тусгай дунд боловсролын сургуулийн зарим оюутнуудаас “сургалтын визийн хугацаа энэ оны 08 дугаар сарын 31-ний өдрөөр дуусаж байгаа. Хэрхэн сунгуулах вэ?” гэсэн асуултыг тус Элчин сайдын яаманд хандан тавьж буй тул дараах мэдээлэл, зөвлөмжийг Та бүхэн хүргүүлж байна. Үүнд:
- Визийн хугацаа дуусахаас 30-40 хоногийн өмнө холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлэн сургуулийнхаа гадаадын оюутан, иргэний шилжилт хөдөлгөөн, бүртгэл хариуцсан нэгж, албан тушаалтанд хаана (ОХУ, Монгол Улс) оршиж байгаагаасаа үл хамааран визийн сунгалт хийлгэх мэдүүлгийг гаргах учиртай.
Бүрдүүлэх бичиг баримтын төрөл, мэдүүлэх хугацаа, визийн давтамж (нэг удаагийн, олон удаагийн гэх мэт) зэрэг нь тухайн суралцагчийн онцлог байдал (хэлний бэлтгэл курс төгссөн, өөр хот, сургууль руу шилжсэн, жилийн чөлөө авсан, шинэ паспорттай болсон зэрэг)-аас хамааран ялгаатай байдаг тул гагцхүү сургуулийнхаа холбогдох нэгж, ажилтанд биечлэн болон цахимаар хандаж, өгсөн заавар, шаардлагыг цаг хугацаанд нь ягштал биелүүлэхийг зөвлөж байна.
Хэрэв танд сургалтын визийн урилга, визтэй холбоотой ямар нэгэн асуулт, эргэлзээ байгаа бол сургуулийнхаа эл асуудлыг гардан хариуцаж, хэрэгжүүлдэг ажилтан, нэгжид хандахыг онцгойлон дахин анхааруулъя.
Монгол улсаас ОХУ-д суугаа элчин сайдын яам