“Эмчлэгдэх боломжгүй, найдваргүй” гэсэн үгэнд сөхрөлгүй тэмцэж, өөрийн хүсэл мөрөөдлөө орхин, хүнд өвчтэй хүүгээ 12 жилийн турш асарч байгаа ээж Б.Төмөрчөдөрийг бид Гашуун яриа нэвтрүүлгийнхээ шинэ дугаарт онцолж байна. Эмчийн алдаанаас болж тархины хүнд хэлбэрийн саажилттай болсон хүүгийнхээ нүдээрээ инээмсэглэсэн төрхийг хараад хүч орчихдог гэж ярих энэ эмэгтэй өнөөгийн нийгэм, хүмүүс бидний дунд болж бүтэхгүй байгаа зүйлсийн талаар ярьсан юм.
-Сайн байна уу? Та манай уншигчдад өөрийг танилцуулаач?
–Намайг Б.Төмөрчөдөр гэдэг. Уг нь математикийн багш мэргэжилтэй. Гэхдээ одоо хүүгээ асрангаа амьдралын шаардлагаар урлантай болоод урлаач хийж байгаа гэх үү дээ. Миний хүүг Энэрэлбат гэдэг. Хүү маань одоо 12 настай. 2010 онд төрөхдөө эх барих эмчийн алдаанаас болоод, тархиндаа хүнд гэмтэл авсан. Тархины хүнд хэлбэрийн саажилттай. Одоо 100 хувь асаргаанд байдаг. Амьдралын хэцүүг хүүгээ гаргаад л мэдэрсэн ээж байна.
– Одоо хүүгийн биеийн байдал хэр байна вэ?
–Өвдөхдөө өвдөөд л, гайгүй үедээ гайгүй ээ. Заримдаа өдөрт арван удаа татдаг. Одоогоос хоёр жилийн өмнө хүү маань БНХАУ-д өнчин тархины хагалгаанд орох заалттай байсан учраас би өөрөө зүтгэж байгаад нэлээн хэдэн сая төгрөг босгож чадсан. Хүүгийн биеийн байдал эрс муудаад байсан учраас хандивын аян эхлүүлж байсан юм. Аян эхлээд удаагүй би аянаа зогсоосон. Учир нь хагалгаанд орох боломжгүй болсон байна. Зүтгээд хагалгаанд орууллаа гэхэд нэг бол хагалгааны орон дээр алдана. Даваад гарлаа гэхэд таны хүүхдэд өөрчлөлт гарахгүй юм байна гэдэг зүйлийг сонссон. Энэ хугацаанд маш их сэтгэл өвтгөсөн зүйлийг сонсож байсан.
Хадивын аянаа зогсоосон байхад хүүгийн маань нэрийг ашиглаад санаанд багтахгүй хүмүүс аян өрнүүлээд л. Хүүгийн минь зовлонгоор мөнгө хийж байхыг нь ч би харсан. Цааш яаж явах замаа олох шаардлагатай байсан учраас надад хүнтэй маргалдаад суух зав гараагүй. Тэгээд би цааш зүтгэсэн. Хүүгээ хоёр өдөр асарч байгаад, шөнө ээжийнхээ өвөрт унтуулчхаад нэг шөнө нь суугаад бүтээлүүдээ хийгээд цахимаар зарж борлуулдаг байлаа.
–Хүүгийнхээ төлөө маш их хөдөлмөрлөжээ
–Хийх хүнд арга нь олддог гэдгийг би их ойлгосон. Хүүгийнхээ эмчилгээг тасдахгүй энэ хугацаанд маш их зүйлийг үзэж байна. Хүүгийн мань биеийн байдал хүнд байсан учраас Турк улсыг зориод ирсэн. Ямар орчинд хүүгээ аваачиж буйгаа мэдэхгүй байсан учраас судалгаа хийх журмаар өөрөө яваад ирсэн. Онгоцонд суухаар агаарын даралт хүүд минь ямар хэмжээнд мэдрэгдэх, хүү маань юу идэж уух юм. Тэнд юу өгөх боломжтой юм гээд л. Бүх зүйлийг нарийн бодолцохгүй бол надад алдах эрх байхгүй. Зардлаа нөхөх зорилгоор бараа авчирч зарсан. Шүд зуугаад тэвчиж байхад хөндлөнгөөс орж ирж байгаа хүмүүсийн энерги, хүний амьдралыг дураараа ярьдаг байдал маш хэцүү.
–Таны амьдралд хөндлөнгөөс оролцож садаа болдог хүмүүс байдаг гэсэн үг үү?
–Манай монголчууд тамын тогооны үлгэртэй ер их төстэй юм болов уу гэж бодсон. Энэ Төмөрчөдөр хүүхдээрээ бизнес хийгээд л, гадаадаар аялаад, наймаа хийж байна. Ээж нь хүүхдийг нь хардаг. Энэ их зугаатай амьдардаг. Зугаатай хүүхэн. Энэ бүх үгс арай ч үгүй байлгүй дээ гэж бодсон хүмүүсийн амнаас гарсан гэж бодохоор их хүндүүртэй, цээжинд зангирсан мэдрэмж өгдөг юм билээ. Хүүхдийнхээ эмийг залгаж чадахгүй арчаагүй амьдарч байсан бол, “энэ Төмөрчөдөр ямар арчаагүй юм бэ” гээд муулах байсан байх. Болгох гээд чадлаараа явахаар, “энэ хүүхдээрээ бизнес хийгээд яваад байна” гэнэ. Хүн хүнээ хайрлахаа больсон байна. Залуу хүн хөдөлмөрлөж байж олдог биз дээ.
–Тийм ээ. Таны хувьд хүүгээ дагуулаад л 12 жилийн турш эмнэлгийн салбараар явсан байна шүү дээ. Хүндрэлтэй асуудлууд тулгардаг уу?
–Би хүүгээ үзүүлээд явахаар, “чи хангалттай асарсан байна. Одоо чиний хийж чадах бүх зүйл тулсан. Одоо хүүгээ асарч байгаад эцсийн замд нь үдэхээс өөр сонголт байхгүй” гэж их хэлдэг. Би 12 жил энэ үгийг сонссон мөртлөө эмч нарыг хэлэх тоолонд нулимс урсаад…Гэхдээ гаднын оронд эмч нар, “Болно, болох талаас нь бүх зүйлийг хийнэ” гэдэг. Тэгэхэд Монголд миний хүүгийн MRI шинжилгээг ч авч чаддаггүй. Адаглаад оношилгоо шижилгээнээс эхэлж байгаа юм.
–Найдваргүй гэдэг үг таны хүүгээ гэсэн сэтгэлийг зогсоож чадахгүй байна шүү дээ. Энэ их хүч хаанаас гарч байна вэ?
–Хүү маань маш их өвдөж байсан ч гэсэн, элгэндээ тэврэхээр өөдөөс хараад, ярьж чаддаггүй ч гэсэн нүдээрээ нэг их хөөрхөн инээмсэглэдэг. Тэр харц л надад бүх эрч хүчийг өгдөг. “Төмөрчөдөр өө чи ямар ч хэцүү зүйл байсан даваад гар. Чамд ийм хөөрхөн хүү байгаа” гээд л. Яах вэ өвдөж зовж байгаа ч гэсэн хамт байхдаа жаргалтай. Тэр бол хамгийн гоё аз жаргал. Гурван хүү маань байгаа болохоор энэ амьдрал маань утгатай.
–Танд хэлэхийг хүссэн зүйл байна уу?
–Хүний амьдралыг битгий өөрийнхөө өнцгөөс дүгнэж байгаарай гэж хэлмээр байна. Тэр зүйл чинь магадгүй хэн нэгний шантраад унах шалтгаан болох вий. Мэдээж би хүүгээ гадагшаа авч явна гэсэн зорилгоо хаяхгүй. Ойрхон ч гэсэн гоё аялалд явах, студид зургаа даруулах ч юм уу. Эргээд бодохоор бид хоёр 12 жилийн хугацаанд хаашаа ямар эмчилгээнд явах, яаж эм тариагаа захиалах гээд эмнэлэгтэй л холбоотой зүйл бид хоёрын хооронд өрнөж байсан юм. Юмыг яаж мэдэх вэ гэдэг хувилбар байгаа учраас хүүтэйгээ дурсамж бүтээнэ дээ.
–Эрүүл саруул байх боломжтой байсан хүүхэд хэн нэгний буруугаас үүдэлтэй амьдралаараа хохирсон байна. Та гомддог уу?
–Би хүнд гомдохоо больчихсон. Хүүгээ өвчтэй гээд хаяад явсан эцэгт нь ч тэр. Хүүг минь өвчтэй болгочхоод, “Бид тэгээгүй” гээд өөрсдийгөө хамгаалаад зугтсан эмч нарт ч гэсэн. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ орхичихсон нийгэмдээ ч тэр. Нэгэнт байдал хэцүү тийшээ эргэсэн бол би тэдэнд гомдлоо гээд, миний хүү эрүүл болж чадахгүй. Би өөрөө болохоос нь болохгүй хүртэл явна.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.