Бид энэ удаад АНУ-ын Лос-Анжелес хотод амьдардаг, дэлхийн хэмжээний оддын хумс буддаг Монгол эмэгтэй "Nail artist" Г.Золзаяаг онцоллоо. Тэрбээр чиглэлээр зургаан жил ажиллаж байгаа бөгөөд Kendall Jenner, Hailey Bieber зэрэг оддын хумс будаж, ямар хэмжээний артист гэдгээ харуулаад амжжээ.
Г.Золзаяа АНУ-ын Лос-Анжелес хотод ажиллаж, амьдардаг. Тэр 2016 онд АНУ-д сурахаар очсон байна. Бусад оюутнуудын адилаар, хичээлийнхээ хажуугаар хийх ажил хайж байхад, үеэл нь хумс хийх санал тавьснаар түүний "Nail artist" болох эхлэл тавигджээ.
Түүнийг дэлхийн хэмжээний оддын хумс буддагаар нь хүмүүс мэддэг. Тэр анх нэг салонд ажилладаг байсан нь оддын хумс хийдэг газар байжээ. Тэнд ажиллаж байхдаа Г.Золзаяа өөрийн үйлчлүүлэгчидтэй болсон бөгөөд тэд азаар алдартай хүмүүс байж таарсан хэмээн анх хэрхэн оддын хумс будаж эхэлсэн тухайгаа ярьсан юм.
2018 оноос ямар нэг салонд харьяалагдахгүйгээр хувиараа хумс хийж эхлэхээр шийджээ.
ТЭВЧЭЭР, ХУРДЫГ ХОСЛУУЛЖ ЭНЭ АМЖИЛТАД ХҮРСЭН
Дэлхийн хэмжээний оддын хумс будна гэдэг багагүй хөдөлмөр, амжилт. Г.Золзаяа хэлэхдээ “Маш их тэвчээртэй байх шаардлагатай. Яг энэ салбар маш өрсөлдөөнтэй. Бараг л булан, тохой бүрд хумсны салон байдаг. Хамгийн анх ажиллаж эхлэхдээ орж ирсэн бүх саналд би ажиллана, чадна гэж явсаар одоогийн энэ төвшинд хүрсэн” гэж ярих нь ажилдаа дуртай, тууштай байдлыг нь илтгэх биз ээ.
Kendall, Hailley зэрэг том одуудын хувьд өөрсдийн хувийн орон зайг маш их чухалчилдаг байна. Хүмүүс хамтарч ажиллахдаа хумсны чинь зургийг авъя, хамт зургаа авхуулъя гэх тохиолдлууд их байдаг аж.
“Би хэзээ ч тэгж асуудаггүй. Учир нь тэр хүн хумсаа хийлгээд суухдаа, гэртээ, тухтай орчинд сууж байхад нь би ороод хумсны чинь зургийг авъя, зургаа авхуулъя, чиний амьдрал яаж байна гэх зэргээр хамаагүй орон зайд нь халддаггүй. Тэр нь илүү тухтай санагддаг байх. Мөн маш их хурдтай байх шаардлагатай. Заримдаа надад 15 минутын хугацаанд бүхэл бүтэн хумс хийх хугацаа өгдөг. Тухайн нөхцөл байдалдаа тааруулаад, маш хурдтай, маш сайн хийх шаардлагатай байдаг. Тэр нь надаар хумсаа хийлгэх бас нэг шалтгаан байх” хэмээн Г.Золзаяа өөрийн онцлог давуу талыг хуваалцсан юм.
АЖЛААСАА АЗ ЖАРГАЛ, ЭРЧ ХҮЧ АВДАГ
“Kendall Jenner-ийн хувь өөрөө маш нээлттэй эмэгтэй. Бид хоорондоо янз бүрийн beauty tip хуваалцдаг. Зарим одууд нь надтай маш дотно. Яг л найзууд шиг. Маш удаан хамтарч ажилласан. Найзууд шиг байдаг учраас хоорондоо хувийн амьдралаа ярилцана. Найзууд уулзаад юу ярьдаг, түүн шиг л ярилцдаг” гэж Г.Золзаяа ярьж байна.
Тэр хумс будахын хамгийн гоё зүйл нь хумсаа хийж дуусаад, үйлчлүүлэгчээ сэтгэл өндөр байгааг харах маш гоё байдаг. Би ажлаа дуусаад л, үйлчлүүлэгч маань "Бурхан минь, миний хумс маш гоё харагдаж байна. Та миний энэ өдрийг гайхалтай болгож өглөө" гэхэд л тэр нь өөрөө миний "made my day" болдог хэмээн өөрийн мэдрэмж, ажлын эрч хүчнийхээ тухай бидэнтэй хуваалцсан юм.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.