Азийн мөрийтэй тоглоомын төв Макаод цар тахлын дэгдэлт огцом нэмэгдсэнээс энэ сарын 11-ний даваа гарагаас эхлэн долоо хоногийн турш бүх казиногоо хаахаар боллоо. Тус улсад 1400 гаруй хүнд халдварласан Ковид-19-ийн дэгдэлтийг зогсоохыг хичээж буй аж.
Супермаркетууд болон чухал үйлчилгээ үзүүлдэг компаниудаас бусад бүх бизнесийг хаах эрх баригчдын шийдвэр гарчээ. Оршин суугчид хоол хүнс худалдаж авах эсвэл зайлшгүй шаардлагатай салбарт ажиллах гэх мэт гадуур явах шаардлагагүй бол гэртээ үлдэж, сайн дурын хөл хорионд орох гэнэ.
БНХАУ-ын хагас автономит бүс болох Макао нь тахлын анхны томоохон дэгдэлттэй тулгарч байгаа нь энэ юм. Нийт 680 мянган хүн амтай тус хотод бямба гарагт 93 шинэ тохиолдол бүртгэгдэж, дэгдэлтийн нийт тоо 1467 болжээ.
Макаочууд Хятадын "Тэг-Ковид" стратегийн хувилбарыг баримталж, цар тахлын тохиолдол бүртгэгдсэн барилгуудыг хааж, халдвар авсан хүмүүсийг олж, тусгаарлахын тулд олон нийтийн шинжилгээ хийж байна.
Цагдаа нар гудамжинд эргүүл хийж, журам зөрчигчдөд торгууль ногдуулна гэж Макаогийн хэвлэлүүд мэдээлжээ. Гадаа гарах хүн бүр маск зүүх ёстой бөгөөд насанд хүрэгчид N95 эсвэл түүнтэй адилтгах маск хэрэглэх шаардлагатай аж.
Бямба гарагт зарласан арга хэмжээ нь зургадугаар сарын 23-наас хойш хэрэгжиж буй хязгаарлалтын өргөжүүлж буй хэрэг юм. Өмнөх хязгаарлалтаар үсчин гоо сайхан, биеийн тамирын заал, кино театр, баар, шөнийн цэнгээний газар болон бусад зугаа цэнгэлийн газруудыг хааж, ресторанд хооллохыг хориглож, авч явах, хүргэхийг нь ч хязгаарлаж байв.
Макаогийн эдийн засаг нь тахал өвчинд нэрвэгдсэн казино болон энэ салбартайгаа нягт холбогдох бизнесээс ихээхэн хамааралтай. Мөрийтэй тоглоомын салбараас олох орлого өнгөрсөн жил бага зэрэг сэргэсэн ч тахал өвчний өмнөх үеэс доогуур хэвээр байна.
Эх сурвалж: Japan Today