УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар "Эрхэм гишүүдээ, өнгөрсөн долоо хоногт гишүүд бүгд иргэд, олон түмнийхээ санал бодлыг сонслоо. Иргэдийн илэрхийлсэн санал бодлыг дүгнэвэл хамгийн гол асуудал нь үнийн өсөлт байна.
Эдийн засаг агшиж, бараа бүтээгдэхүүний үнэ өссөн нь гадаад хүчин зүйлээс ихээхэн хамаарч байгаа ч анзаарахгүй орхих эрх УИХ-д байхгүй.
Хүмүүсийн амьжиргааны гол үндэс болсон хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт 18%-д хүрсэн байна. Бүс нутагтаа хамгийн өндөр түвшинд хүрлээ.
Эрхэм гишүүдээ УИХ-ыг ард түмэн шүүмжлээд байна. Анхааралтай сонсох хэрэгтэй байна. Баяр наадмын тухай хууль зэрэг хуулийн төслүүд хэлэлцэхэд үнэ өсөөд байхад баяр цэнгүүн ярилаа гэж ард түмэн шүүмжлээд байна. Иймээс Ажлын хэсэг байгуулж, үнийн өсөлтийг хязгаарлах, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх ямар боломж байгааг судлах хэрэгтэй байна" гэлээ.