Чэжүд аялахаар очсон монгол иргэд "харлахаар" зугтсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд гараад буй.
Үүнтэй холбоотойгоор Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр албан ёсны тайлбар хийлээ.
Тэрбээр "Монгол хүн монгол хүндээ хайртай баймаар байна.
Аялал жуулчлалын маршрутаар зургаадугаар сарын 22-ны өдөр Чэжү хотод очсон 23 иргэнтэй холбоотой асуудал. Хууль ёсны хугацаа нь 30 хоног тул долдугаар сарын 21-ний өдөр хүртэл ямар нэгэн хайх үйл ажиллагаа явагдахгүй, аливаа гэмт хэрэгт холбогдоогүй эсвэл тодорхой завиар аялж явж байгаад осолд өртөөгүй бол шүү дээ. БНСУ ялгаа байхгүй шар мэдээллийн сайтуудтай. Тэр шар сайтуудад гарсан мэдээллийг Монгол Улсад их хэмжээгээр явуулж байгаа нь харамсалтай.
Өнөөдөр 30 хоногийн визтэй орж ирсэн БНСУ-ын иргэн Монгол Улсад ирээд аяллын тав хоногтоо маршрутаараа яваад хүсвэл үлдсэн 25 хоногтоо тодорхой хэмжээний аяллыг өөрөө хийх боломжтой.
Мөн долдугаар сарын 9, 14-ний өдөр дараагийн онгоцнууд ирэх хуваарь бий. Аливаа гэмт хэрэгт холбогдоогүй, эрэн сурвалжлах нөхцөл байдал үүсээгүй гэдгийг албан ёсоор хэлж байна. Тиймээс долоодугаар сарын 21-ний өдрийг хүртэл тухайн хүмүүсийг хууль бусаар оршин суухаар оргон зайлсан гэх мэдэгдэл хийх нь хариуцлагагүй үйлдэл.
Чэжү арал нь эх газраас тусгаарлагдсан. Эх газар руу визтэй иргэд нэвтрэх боломжтой. БНСУ-ын шалган нэвтрүүлэх буюу цагаачлалын алба маш хатуу үйл ажиллагаатай, хариуцлагатай ажилладаг байгууллага юм. Иймд тухайн 23 иргэнийг харласан мэтээр худал мэдээлэл түгээхгүй байхыг хүсье" гэлээ.