“Монгол Улсын ноолуурын салбарын тогтвортой хөгжлийн замын зураг 2030” баримт бичгийг танилцуулах уулзалт болсон юм.
Дэлхийн нийт ноолуурын 50 хувийг Монгол Улс дангаар үйлдвэрлэж байна. Өөрөөр хэлбэл, манай улс 10,000 тонн ноолуур үйлдвэрлэдэг ч дөнгөж 2,000 тонныг эцсийн бүтээгдэхүүн болгон гаргадаг. Цаашид бид 1,000 тонн ноолуур үйлдвэрлээд бэлчээрээ цөлжүүлээд байх уу гэдэг асуулт үүсэж байна гэдгийг Монголын бэлчээр ашиглалтын нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн дарга Ц.Энх-Амгалан хэлэв.
Мөн тэрбээр "Монгол Улсын бэлчээрийн доройтлын асуудал олон улсын хэмжээнд яригдах боллоо. Бэлчээр талхлагдсаны улмаас ургамлын хүлэмжийн хий шингээх чадвар алдагддаг. Бид ямааныхаа тоог өсгөөд бэлчээрээ талхлаад цөлжөөд дуусаж байна. Өөрөөр хэлбэл, хүлэмжийн хий шингээх чадвараа алдаж байна гэсэн үг. Газар нутгийн 110 сая га талбай нэгэн зэрэг цөлжвөл 440 мянган тонн хүлэмжийн хий агаар мандалд цацагдана. Улмаар үнэ цэн бүтээж чадахгүй бэлчээрээ талхлаад байх уу гэдэг асуудал үүсэж байгаа. Үүнд үндэсний бодлого хэрэгтэй.
Малчид маань дээр үеэс ямааны тоо толгойг 10 хувиас хэтрүүлдэггүй байсан. Бэлчээрийн хор хөнөөлийг тооцоолж, сүргийн бүтцээ барьдаг байжээ. Харин одоо 27 сая ямаатай, бэлчээрийн даац гурав дахин хэтэрсэн. Өнөө үед дэлхийн хэрэглэгчдийн чиг хандлага өөрчлөгдсөн. Тэд эрүүл, байгальд ээлтэй бүтээгдэхүүний хэрэглээ рүү илүү чиглэж байгаа" хэмээн хэллээ.