Улс төрийн намуудын төлөөлөл Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн тунхаг бичигт гарын үсэг зурсан талаар мэдээллээ.
Улс төрийн намууд Монгол Улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санаачилга гаргаж тунхаг бичигт гарын үсэг зурлаа. Парламентад суудалтай гурван намаас гадна 21 нам уг тунхаг бичигт нэгдэж байна.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, “Улс төрийн намуудын үйл ажиллагаа хагас жил орчим үргэлжилж байна. 2022 оны нэгдүгээр сарын 13-аас хойш улс төрийн намууд долоо, найман удаа уулзалдаж, Монгол улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай ярилцсан. Тодорхой саналуудаа нэгтгэсэн. Зарим улс төрийн нам жагсаал, цуглаан зохион байгуулж, тодорхой саналууд гаргасан.
Монгол улсын Үндсэн хууль бол зөвшилцлийн баримт бичиг байх ёстой. Улс төрийн намууд тодорхой хүрээнд зөвшилцөж, саналаа нэгтгэлээ. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал нь ард нийтийн саналын үндсэн дээр, иргэдийн дэмжлэгийн үндсэн дээр хийгдэх ёстой” гэв.
Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат, “Өнөөдрийн нөхцөл байдлыг харахад, энэ өөрчлөлтийг хийхгүй бол гадаа талбайд жагсаж байгаа залуусын тавьж буй шаардлага, улс орны нөхцөл байдал хэцүү байна. Энэ маягаараа яваад байвал, залуус нь гадагшаа гарсан, намын нэр барьсан хэдхэн хүн үлдсэн улс орон болж магадгүй” гэлээ.