Орхон аймаг, Эрдэнэт хот нь 29 мянга гаруй өрхтэй. Аймгийн нийт өрхийн 60 гаруй хувь нь гэр хороололд амьдардаг бөгөөд 40 орчим хувь нь буюу 11 мянга гаруй өрх тохилог орон сууцанд амьдардаг.
Орхон аймгийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх Үйл ажиллагааны хөтөлбөр болон аймгийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн бодлогын баримт бичигт ирэх жилүүдэд 5000 айлын орон сууцыг төр, хувийн хэвшил, төслийн хөрөнгө оруулалтаар барьж орон сууцны хангамжийг нэмэгдүүлэхээр тусгажээ.
Дээрх ажлын хүрээнд хийж байгаа нэг ажил нь аль болох хямд зардлаар хэрэгжүүлэх “Орлогод нийцсэн орон сууц” төсөл юм.
Төслийн хүрээнд: Баян- Өндөр сумын Их залуу багт 360 айлын, Уртын гол багт 260 айлын, Баянцагаан багт 400 айлын, Цагаанчулуут багт 720 айлын орон сууцыг барих ажлыг зохион байгуулж байна. Мөн Залуус хорооллыг шинээр төлөвлөн тус хороололд 900 айлын орон сууцыг тус тус барих талаар талаар аймгийн Засаг дарга С.Батжаргал танилцуулж байна.
“Орлогод нийцсэн орон сууц” төслийн эхлэл болж Баян-Өндөр сумын гэр хороолол Уртын гол багт 260 айлын 5 блок барилгын ажлыг 2021 онд эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар барилга угсралтын ажлын гүйцэтгэл 35 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд барилгын 4 блокийг энэ онд ашиглалтад оруулах ажээ.