Хүн бүр өөрийн гэсэн дотоод мэдрэмж, уй гуниг, үзэл бодол зэргээрээ ялгарч байдаг. Манай нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт дуучин Б.Болдбаатар буюу залуусын мэдэх Темпо оролцлоо. “Аавыгаа, “ааваа” гэж дуудаж чадаагүй дээ л харамсдаг” гэж ярих энэ залуу өнчирч үлдсэн хүүхдүүдэд туслах чадалтай болохын тулд амьдарсан шиг амьдарахыг эрхэмлэдэг талаараа ярилаа.
Мөн Сошиалд хийж буй бичлэгүүдээрээ олны шүүмжлэл, магтаалыг хүртэж, анхааралд ороод байгаа тэр, залуу насаа өөрийн гоо зүй, эрүүл бие, саруул ухаанаараа чимэж амьдрах учиртайг хэлсэн юм.
-Өдрийн мэнд нэвтрүүлгийн урилга хүлээн авсанд баярлалаа. Сүүлийн үед юу хийж байна даа?
-Баярлалаа. Сүүлийн 2-3 жил маш чимээгүй байлаа. Өөрийгөө бэлдлээ, өөртэйгөө ярилцлаа, юм уншиж, хүнээс их зүйл сонслоо. Одоо бол дүрэлзэнэ.
-Сошиалд хийж буй хагас нүцгэн бүжиглэж байгаа бичлэгүүд олны анхааралд байна шүү дээ. Сэтгэгдлүүд их байсан. Таны хувьд ямар байр суурьтай байна вэ?
-Хүмүүсийн намайг юу гэж хэлэх, юу гэж бодох, юу гэж шүүмжлэх нь хамаагүй. Бүжиглэсэн бичлэгийн тухайд тэр бол урлаг, гоо зүй, эрүүл залуу хүнд байх ёстой зүйл.
Монголд 10 хүн тутмын 70-80 хувь нь жингийн илүүдэлтэй байна. Чамд ямар нэгэн суурь хүнд өвчин байхгүй л бол зөв л биетэй бай л даа. Залуу насандаа л бие хаа, царай зүс, ухаанаараа гоёх хэрэгтэй. Өөр юугаар гоёх юм. Заавал хөгшин хүн шиг ухаантай юм ярих албагүй шүү дээ. Залуу байгаагаа л мэдрэх хэрэгтэй. Өөртөө таарсан гоё эрүүл биетэй байгаач ээ гэсэн санааг хүмүүст хэлэхийг хүссэн.
Цаашдаа ч гэсэн олон нүцгэн бичлэгүүд гарна шүү /инээв/. Харин шүүмжлээд байгаа хүмүүст, өөрийгөө эхлээд толинд сайн хар. Дээрээсээ доош хүртэл маш сайн ажигла. Чамд таалагдахгүй байвал, тэр хүнд дургүй бол тоохгүй л өнгөрөөчих л дөө. Заавал тоож стрессдэж коммент бичиж байна гэдэг ялагдагч хүмүүсийн л шинж чанар шүү.
-Ингэхэд таны хүүхэд нас яаж өнгөрөв өө? Ямар хүүхэд байв?
-Багадаа эмээ дээрээ өссөн. Аав маань бага байхад бурхан болоод ээж маань гадагшаа явсан юм. Бараг аав ээжгүй хүүхэд шиг л байж, эмээгийн хүүхэд болсон.
-Аав нь таныг жаахан байхад өөд болсон бололтой. Гэсэн ч маш том орон зай дутагдаж байгаа нь мэдрэгддэг байх. Тийм үү?
-Миний амьдралдаа хамгийн их харамсдаг зүйл бол, аавыгаа “аав аа” гэж дуудаж үзээгүй явдал. Яагаад гэвэл аав маань намайг хоёр настай байхад бурхан болсон. Багаасаа л эцэггүй өссөн. Эцэггүй хүнд хорвоо их хүнд хатуу байдаг юм билээ. Эцэггүй хүүхдийн толгой том гэж ярьдаг шүү дээ. Харин минийх бол эсрэгээрээ зүрх том, толгой жижигхэн. Хүмүүжил сайтай өссөн. Яагаад гэвэл эмээ маань намайг маш сайн хүмүүжүүлсэн.
-Эцэггүй хүнд амьдрал хатуу байдаг гэлээ шүү дээ. Та яг аль цаг үед үүнийг илүү их мэдэрдэг вэ?
-Баяраар хүмүүс гэр бүлээрээ хооллоод л, гэр дүүрэн байдаг. Харин би гэртээ ганцаараа. Эмээ ажилдаа явчихна. Амьдралынхаа ихэнх цаг хугацааг ганцаараа өнгөрөөсөн. Одоо хүртэл ихэнх цаг хугацаанд ганцаараа л байдаг. Нэгэнт л аавгүй өссөн. Миний хувь тавилан ийм л юм чинь одоо яая гэх вэ. Надаас долоон доор, бүр эцэг эх ч үгүй хүмүүс зөндөө байгаа гэж бодоод өөрийгөө хатуужуулдаг болсон.
Д.Сосорбарам гуайн нэг дуу байдаг шүү дээ. Зүүдний гуйлга гээд. Аавыг минь зүүдэнд маань гаргаж ирээд чөмөг шархиртал намайг ороолгуулж өгөөч гэж. Аавдаа чөмгөө шархиртал ороолгуулахыг хүсэж зүүднээсээ гуйлга гуйж байна шүү дээ. Аргаа барсан гуйлга.
Аавтай хүмүүс бол аавдаа зодуулах ч юм уу. Ганц нэг алгадуулах юм бол гомдож туньж явдаг байх. Гэтэл аавгүй хүмүүс аавдаа алгадуулахыг мөрөөдөж амьдарч байна шүү дээ.
-Аав эмээ хоёрынхоо тухай бага зэрэг дурсаж ярилаа шүү дээ. Ээжийнхээ тухай яриач?
-Би хүүхэд байхдаа ээжтэйгээ наймаанд явдаг байсан. Ээж минь яггүй наймаачин хүн байсан. Ээжийгээ бараг хоёр жил дагаж явсан байх шүү. Хүүхэд байсан гэсэн надад одоо наймааны арга ухаан суучихсан. Эмэгтэй хүнд яаж будаг шунх, цүнх гутал зарахаа мэддэг. Ээж маань их шаргуй дайчин хүн л дээ. Энэ зан нь бас надад суучихсан гэхэд болно.
-Таны урлагийн амьдрал MiX хамтлагаас эхэлсэн байх тийм үү?
-Арван жилдээ сонирхлоороо нийлсэн хөвгүүдийн хамтлагтай байсан. Тэр үедээ анхныхаа дууг хийлгэж байсан юм. Одоо харахаар их ичмээр ч гэсэн дотно сайхан мэдрэмж төрүүлдэг.
“Making the band” шоуны хувьд миний амьдралыг аварсан, өөрчилсөн. Нэг бодлын миний амьдралыг алсан. Чарли Чаплины хэлсэн үг байдаг. “Урлаг чамд дүүлэн нисэх даль жигүүр хайрлана. Гэхдээ чиний хөлийг чинь хугалдаг жамтай” гээд. Энэ нь маш олон талын философитой үг юм шиг надад санагддаг.
Урлагийн хүн байх маш хэцүү. Би урлаг уран сайхан гэж зөрүүдэлж гэрийнхэнтэйгээ муудалцан барин гэрээсээ явж байж энэ замыг сонгосон.
Олон хүмүүсийн өмнө урлагийнхаа ажлаар гоё мэдрэмжийг аваад, тайзан дээр дуулаад эсвэл нэг арга хэмжээнд уригдаж оролцоод хүмүүсээс гоё талархал хүлээгээд “алж” байгаад ирж байгаа юм уг нь. Зураг авахуулаад л маш өндөр мэдрэмжтэй гэртээ ирэхэд харанхуй гэр угтдаг. Хэн ч байхгүй. Тэр үед, “миний хүү мундаг байлаа, гоё байлаа” гэж хэлэх хүн байдаггүй. Уг нь би “алаад” ирсэн шүү дээ. Өөрийгөө гэрийнхнээрээ бахархуулмаар байдаг. Тэр мэдрэмж нь хэцүү байдаг. Гэртээ орж ирээд л гунигтай.
Жаахан олны танил болоод ирсэн чинь гэрийнхэн ойлгож эхлээд энэ хүнд чинь жаахан авъяас байгаа юм байна гээд жаахан ойлгож, дэмждэг болсон.
-Гэр бүлийнхэн нь яагаад эсэргүүцсэн юм бэ?
-Нойртой нойргүй, хоолтой хоолгүй хононо. Тогтмол орлого гэх мэт зүйл хэцүү шүү дээ. Хажуугаар нь заавал өөрсдийн гэсэн ажил төрөл өөр юм эрхэлж л байхгүй бол хүнд. Би бол өөрөө урлагийг мөнгө олъё гэж хийдэггүй. Тэр зүйлээс таашаал мэдрэмж авахын тулд хийдэг.
-Хүмүүс таныг үнэлэх байдал нь таны өөрийгөө үнэлэх үнэлэмжээс, өөрөөр хэлбэл бодит байдлаас хэр зөрдөг вэ?
Одооны хүмүүс маш материаллаг л болоод байна л даа. Гаднаас нь ерөнхийдөө хүнийг дүгнээд байдаг. Намайг их зантай, хямсгар, биеэ тоосон л гэж боддог юм шиг байгаа юм. Тэр бол тийм биш. Би бүх хүмүүстэй ижил тэгш харьцдаг. Ямар ч үед өөрөөрөө байхыг, үнэнээрээ байхыг хүсдэг дээ.
-Таны цаашдын зорилго, мөрөөдөл юу вэ?
-Цаашдаа бол асна. Өөрийгөө чанартай богино насална гэж боддог. Амьдарсан шиг амьдар. Нэг бол зүгээр үх. Ерөнхийдөө амьдралын чиг шугам зорилго гэх юм бол олон хүнд л тусалмаар байна. Багаасаа аавгүй өссөн болохоор өнчин өрөөсөн хүүхдүүдэд санаа их зовж явдаг. Даанч олон хүнд туслахын тулд эхлээд өөрөө мундаг, олон хүнийг аваад явчих чадалтай байж тусална уу гэхээс, гуяа алгадаад л тусална гээд амнаас цаашгүй яваад байвал хэцүү шүү дээ. Өөрөө эхлээд боловсрох хэрэгтэй байна. Тийм болохоор амьдралын зорилго нэг ийм.
Эцэст нь хэлэхэд би урлагийн хүн. Шатаж, асаж, асгарч, хайлж, урсаж явмаар байна.
-Ярилцсанд баярлалаа.