“Сүү” ХК нь Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны Тогтвортой хөгжлийн GENDER and ECONOMIC INCLUSION төрөлд тэргүүлж, алтан шагналын эзэн боллоо. Уг төрөлд дэлхийн өнцөг булан бүрээс нийт 79 компанийн төсөл шалгарснаас, Монгол компани шүүгчдээс хамгийн өндөр үнэлгээ авч, ийнхүү түрүүлсэн бөгөөд Морокко улсад болсон Европын Сэргээн Босголт Хөгжлийн банкны жилийн уулзалтын үеэр “Сүү” ХК-ийн удирдлагууд шагналаа хүлээн авсан юм.
Монгол улсын сүү, сүү бүтээгдэхүүний тэргүүлэх үйлдвэрийн хувьд “Сүү” ХК нь бэлтгэн нийлүүлэгч малчид фермерүүд болон ажилтнууддаа чиглэсэн тэгш боломж, эдийн засгийн чадамжийг сайжруулах чиглэлд онцгойлон анхаарч ажилладаг. “Сүү” ХК 2019, 2021 ондуудад ЕСБХБ болон Хас банкны хамтарсан Эрсдэл хуваах зээлийн санхүүжилтээр үйлдвэрлэлийн хүчин чадлаа өргөтгөж, дэд бүтцээ сайжруулсан юм. Үүнтэй зэрэгцэн, “Ажлын байр болон нийлүүлэлтийн сүлжээн дэх тэгш байдлыг хангах” чиглэлээр жендерийн бодлогын төслийг ЕСБХБ-ны санхүүжилтээр, PwC Advisory компанийн дэмжлэгтэйгээр амжилттай хэрэгжүүлж, ийнхүү олон улсад үнэлэгдлээ. Төслийн хүрээнд компани хүйсийн тэгш байдлыг хангахад чиглэсэн үр дүнтэй олон ажил гүйцэтгэснээс онцлоход, 2020 оноос фермер малчдыг хоршоожуулах хөтөлбөрийг сайн дураар, хамтын санхүүжилтээр хэрэгжүүлж эхэлсэн нь сүү бэлтгэн нийлүүлэгч эмэгтэй малчдын хөдөлмөрийн нөхцөл сайжрах, эдийн засаг болон нийгмийн боломж нэмэгдэхэд чухал нөлөө үзүүлж буй бөгөөд энэ нь тус нэр хүндтэй шагналыг хүртэх гол үндэслэл болсон юм.
Түүнчлэн, “Сүү” ХК нь НҮБ-ийн Эмэгтэйчүүдийг чадавхжуулах зарчимд нэгдсэн Монгол улсын хүнсний үйлдвэрлэл, тэр дундаа сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээл дэх анхны компани болсныг дуулгахад таатай байна.