Боксын спортоор хичээллээд, өөрийгөө тал бүрээр хөгжүүлж буй сурагчдын тухай сурвалжиллаа. Тэд энд хичээллээд хэдхэн сар болж байгаа ч аль хэдийнэ дадлагажиж, дөр суужээ. Ирээдүйд спортын замналаар явахгүй ч тэсвэр хатуужилтай хүн болж төлөвшихийн тулд бэлтгэлд цаг гаргадаг гэж сурагчид болоод тэдний багш нь ярилаа.
“Манай найзууд намайг дандаа дээрэлхдэг. Би ихэвчлэн зодуулчихдаг юм. Энэ нь надад их муухай байсан учраас аавтайгаа ярилцаж байгаад боксоор хичээллэсэн. Гэхдээ одоо найзуудтайгаа зодолдохоо больчихсон. Заавал хүний дээр гарах биш, байх газраа байх нь зөв гэдгийг сургалтдаа явж эхэлснээс хойш ойлгосон юм” хэмээн ярих хүү “Hero fighting club”–д хичээллээд нэг сар л болж буй.
Энэ спорт нэгхэн сарын дотор хүүгийн бодлыг өөрчилж илүү ухаалаг, илүү хүлээцтэй болгожээ. Түүний хувьд шүтээн боксчин Юри Боёка шиг алдартай, чадварлаг тамирчин болохыг хүсэж байгаагаа хэлсэн юм.
ЖИНГЭЭ ХАСАХ ГЭЖ “ЭХЭЛСЭН” П.ДАВААЖАРГАЛ БАГШ БОЛЖЭЭ
Энэ талаар клубыг үүсгэн байгуулагч багш, дасгалжуулагч, боксын спортын мастер П.Даваажаргал, “Hero fighting club-ийн багш дасгалжуулагчаар ажиллаад хоёр жил болж байна. Манай хүүхдүүд дунд улсын аваргын тэмцээнд оролцож, амжилт үзүүлсэн нь ч бий. Бүх хүүхэд тамирчин болохгүй шүү дээ. Тэгэхээр тухайн хүүхдэд ачааллыг нь тааруулж өгнө. Хэр эвсэлтэйгээс нь шалтгаалаад хэдэн ч насны хүн манайд хичээллэх боломжтой. Миний хувьд хичээллээд долоон жил болж байна. Анх жингээ хасах гээд боксоор хичээллэсэн. Түүнээс хойш гурав дахь сар дээр бие маань шал өөр болоод тав дахь сараасаа улсын тэмцээнд орж анхны медалиа авч байсан юм. Холимог тулааны спортын давуу тал нь биеийн галбирт маш сайн өөрчлөлт оруулдаг. Өсөлтөд ч хэрэгтэй. Гудамжаар алхахад айхгүй зоригтой болно” гэж ярилаа.
Харин сургалтад явж буй өсвөр насны охин сдортоор хичээллэснээр өөрчлөгдсөн зүйлийнхээ тухай хэллээ.
Тэрбээр “Нэгдүгээрт биеэ хамгаалж сурсан маань л маш том давуу тал. Нөгөөтэйгүүр энд ирээд огт уйдахааргүй цагийг зөв өнгөрөөнө. Өмнө нь биеэ их тоодог байсан. Одоо гайгүй болсон. Цагийг утсаа ухаж дэмий өнгөрүүлж байхаар энд ирээд биеэ хөгжүүлсэн нь хамаагүй дээр шүү дээ” гэв.
Видео сурвалжилгыг дээрээс үзнэ үү.