Өчигдөр буюу энэ сарын 22-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тусгай хэрэгцээт 250 гаруй хүүхэд, сайн дураараа дэмжихээр ирсэн 250 гаруй хүүхэд гээд нийт 500 гаруй хүүхдийн нөхөрсөг гүйлтийн тэмцээн боллоо. Уг гүйлтийн тэмцээнийг "Ахиллис Монголиа" ТББ-аас зохион байгуулж, цагдаагийн байгууллагаас хүүхдийн болон хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажилласан юм. Энэ талаар зохион байгуулагч нараас тодрууллаа.
НЦУГ-ын Хүүхдийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батзориг :
"Ахиллис Монголиа" ТББ-аас жил болгон Нийслэлийн тусгай хэрэгцээт зургаан сургуулийн сурагчдын дунд гүйлтийн тэмцээнийг зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд цагдаагийн байгууллагаас тус гүйлтийн тэмцээнийг дэмжин ажиллаж, аюулгүй байдлыг нь хангах, шаардлагатай хүүхдүүдэд хөтөчөөр оролцох, мөн хөгжөөн дэмжиж урлагийн тоглолт, үзүүлбэрийг бэлтгэн оролцож байна. Өнөөдөр тус арга хэмжээнд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын төвийн 6 дүүрэг хариуцсан хүүхдийн болон гэр бүлийн чиглэлээр ажилладаг 60 гаруй алба хаагч оролцож байна.
Мөн цагдаагийн байгууллагын удирдах албан тушаалтнууд хүүхдүүдэд сайн дураараа гүйхэд нь хөтөч хийх, хөгжөөн дэмжих, хүүхдийн аюулгүй байдлыг хангахаар ирсэн байна.
Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд зааснаар хүүхэд бүр бүх боломжийг ижил тэгш хүртэх ёстой. Энэхүү гүйлтийн тэмцээнд оролцох хүсэлтэй тусгай хэрэгцээт хүүхдүүдийг хамруулах, боломжийг нь хангахын төлөө бид энэ сайн дурын байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа юм. ЦЕГ-ын "Сүлд" чуулгаас мөн хүүхдүүдийн гүйлтийг хөгжөөн дэмжиж байна.
Тусгай хэрэгцээт хүүхдүүдийн эцэг, эхчүүдэд хандаж хэлэхэд, "Битгий шантраарай, таны хүүхэд ямар нэгэн ялгаатай байдлаасаа болж ялгаварлан гадуурхагдаж болохгүй. Тиймээс энэ нөхцөл байдлыг арилгахын төлөө хамтдаа хичээж, боломжтой бүх зүйлийг хийгээрэй гэж уриалмаар байна. Монголын цагдаагийн байгууллагаас ч мөн адил боломжит бүх тал дээр дэмжин, хамтран ажиллахад бэлэн байдаг.
Ахиллис хүүхэд хөтөлбөрийн зохицуулагч Т.Наранцацралт :
"Ахиллис Монголиа" байгууллага нь спортоор дамжуулж тусгай хэрэгцээт хүүхдүүдийг нийгэмшүүлэх, өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлэх, нийгэмд идэвхтэй иргэн болоход нь дэмжиж төрөл бүрийн үйл ажиллагаа явуулдаг. Энэ жил зургаа дахь жилдээ болж байна. "Ахиллис" хөтөлбөрийн хүрээнд Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа зургаан сургуулийн сурагчдад биеийн тамирын хичээл дээр хийдэг алхалт, гүйлтийнх нь амжилтыг ахиулаад төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулж, спортын хэрэгсэл, хэрэгцээт хичээлийн хэрэгслээр нь урамшуулдаг. Бид тусгай хэрэгцээт хүүхдүүддээ өөрийгөө дайчилж чадвал урамшуулна, хөгжлийн бэрхшээлтэй ч гэсэн бусдын адил гүйж чадна шүү гэдгийг ойлгуулахыг зорьдог.