Амьдралынхаа бүхэл бүтэн жаран жилийг кинотой холбож, кино урлагийн түүхэнд тод ул мөрөө үлдээсэн УГЗ, АЖ, кино найруулагч Г.Жигжидсүрэнтэй бид ярилцлаа. Өдгөө 80 насыг зооглож буй түүний үе тэнгийн нөхөд тэнгэрт дэвшиж, сэтгэлээ уудлах хүнгүй болсондоо их ганцаардаж буйг хэллээ.
Мөн тэрбээр өнөөдрийн кино урлагийн салбарт өөрийн үнэлэлт дүгнэлтээ өгсөн юм.
-Сүүлийн үед та юу хийж байна вэ? Найз нөхөдтэйгээ их уулзаж шатар, даам нүүж байна уу?
-Чи маш хэцүү асуулт асууж байна. Одоо би их ганцаардаж байгаа. Миний найзуудын дийлэнх нь миний үеийн хүмүүс байгаа юм л даа. Нөгөө хэд маань ихэнх нь бурхны оронд байна. Бодогдоно оо, заримдаа. Тэр минь байвал ингэх сэн. Заримдаа араас нь яваад очмоор ч санагдана.
Миний найзууд гэхээр дандаа манай нутгийнхан л байсан юм байна даа. Төв аймгийнхан. Бавуугийн Лхагвасүрэн байна. Хандын Нямбуу гээд акедемич, түүхч мундаг хүн байлаа. Тэдэнтэйгээ нэг уулзаад ярих юм сан. Ярьж сэтгэлээ онгойлгох юм сан гэж бодогдоод байдаг болжээ.
-Бавуугийн Лхагвасүрэн гуайг мэдэхгүй хүн үгүй шүү дээ. Та хоёр яаж танилцаж, нөхөрлөх болсон юм бэ?
Бид хоёр нэг нутаг юм чинь, багаас биенээ мэднэ шүү дээ. Б.Лхагвасүрэнг би үйлээ үзээд, эсэргүүгээрээ дуудуулаад, “үс сахал нь хүртэл ийм” гээд ад үзэгдэж байхаас найзалсан юм.
Зан төлвийн хувьд нэлээн төстэй байсан юм болов уу гэж боддог. Аль аль нь айлын ганц хүүхдүүд. Эрх дураараа өссөн. Аль аль нь хүний үг сонсохдоо муу.
-Та хоёр уулзаад ихэвчлэн юу хийдэг байв аа?
-Юу хийх вэ дээ. Бид хоёр аль аль нь архи уухдаа муу. Үүнийг ёстой бодож байгаагүй юм байна. Эргээд бодоход Б.Лхагвасүрэн бид хоёр уран зохиол, утга зохиолынхоо хүрээний зүйл л ярьдаг байсан юм байна. Бие биенээ баяжуулж, нөхөж байсан юм.
Бурхан болоход нь би хотод байгаагүй. Жанчивлангийн амралтад байсан. Тал бие алга болж байгаа юм шиг л бодогдсон доо. Одоо жаргал, зовлон янз бүрийн зүйлээ ярих хүнгүй болж. Уран бүтээлийн жаргал, зовлон гэдэг амьдралын жаргал зовлонгоос хэцүү зүйл байдаг.
Энэ бүхнээ хуваалцдаг ийм улсууд ховордоод байна аа, хүү минь.
-Шавь нартайгаа уран бүтээлээ ярьж болно шүү дээ
-Хэдэн гайгүй шавь нар байна. Санаа сэтгэлээ хуваалцаад явдаг хүмүүс байна аа. Би тэдэнд баярлаад байгаа юм. Ямар сайндаа шавь руу орсон байгаа биз дээ.
-Та их ганцаарддаг гэлээ. Ганцаардал гэж юу юм бэ? Мөнхүү амьдрахуйн утга учрын талаар та ямар бодолтой байдаг вэ?
-Уран бүтээлч хүнд ганцаардал их хэрэгтэй зүйл гэж боддог болсон, сүүлийн үед. Яагаад гэвэл ганцаардсан үед хүний ухаан бодол хурц болж, төвлөрдөг. Амьдралын утга учир гэвэл, магтаалын далайд умбах чинь жинхэнэ хөл алдаж магадгүй эд шиг байна билээ. Хүнийг алъя гэвэл дандаа магтаад л, юу ч хийлгэхгүй, хоол өгөөд бай гэдэг дээ. Магтаалд хөл алдахгүй, зэмлэлд гутраад суучихгүй сайн сайхныхаа төлөө тэмцэхийг л утга учир гээд байгаа юм.
-Та кино урлагт олон ч уран бүтээл, бүтээлчид төрүүлжээ. Танд тэдэндээ хэлмээр зүйл байдаг уу?
-Надад хэлээд байх юм алга. Шавь нартаа хааяа нэг багш руугаа ярьж байгаарай. Уйдсан үед ирж байгаарай гэж шавь нартаа хэлмээр л байна.
-Та залуудаа ямаршуухан хүн байв аа?
-1960 оноос кино урлагтай холбогдсон байна. Бүтэн жаран болсон байна шүү дээ. Амьдралынхаа уран бүтээлийн замыг эргээд харахаар, би үргэлж урсгал сөрж явсан юм байна билээ. Өөр өнцгөөс харах гэж оролддог.
Би их эрх дураараа өссөн. Гэсэн ч аав ижийдээ баярладаг юм. Эрхийн тэнэг болгочхоогүй намайг. Эрхийн тэнэг болоход тун ойрхон байсан даа. Уйлж, унждаг үе ч байж л байлаа.
-1900-аад онд кино хийх яггүй ажил байсан биз? "Бүлээн нурам" уран сайхны кино шиг хүнд сэдэвтэй хэд хэдэн кино бий шүү дээ?
“Бүлээн нурам” УСК бол ерөөсөө уг сэдэв нь, материал нь их зовлонтой шүү дээ. Нэг их сонин сайхан зохиол гараад ирлээ гээд бүгд алга ташиж гараа өргөөд батлаагүй. Энэ зохиолоор Г.Жигжидсүрэн, Б.Лхагвасүрэн хоёр юу хэлэх гээд байгаа юм бэ. Монголчууд чинь ийм малаас доор, төрсөн охинтой “яадаг” хэсэг бий шүү дээ. Үүгээр ингэж хэлэх гээд байгаа юм уу гэж ярьж байсан хүн ч байна. Киног “намын үзэл суртлын дайчин зэвсэг” энэ тэр гэж ярьдаг байлаа шүү дээ. Жилд дөрвөн кино хийнэ гэхэд намын төв хорооноос чиг өгдөг байсан шүү дээ. Тэр дунд орж, шургаж юм хийнэ гэдэг, ялангуяа шинэ уран бүтээл хийж буй залуу хүнд их хэцүү шүү дээ. Надад их л хэцүү байсан.
– Энэ хэцүү үед таныг хэн залуурдаж, түшиж явсан бэ?
-Намайг Ч.Лодойдамба багш л анхны алхмаа хийхэд сэтгэл гаргаж тусалж байсан. Би Лодой багшийг гайхаад байдаг юм. Соёлын яамны нэгдүгээр орлогч сайд. Ажил гэж жигтэйхэн шүү дээ. Тийм байсан мөртлөө миний бичсэн жаахан кино зохиол нэртэй хачин юмнуудыг уйгагүй уншаад, тэр байтугай жигтэйхэн нарийхан гардаг гоё үзгээр хажууд нь засдаг. Тэр үед Лодой багшийг тэгэх ёстой хүн гэж бодож байсан юм уу хаашаа юм. Тоодоггүй байсан. Тэр бол уран бүтээлч хүнийг дэмжиж байгаа сайхан сэтгэл юм даа гэж боддог юм.
-Багшаасаа үлгэрлэж авсан, одоо шавь нартаа үлдээхийг хүсдэг зүйл бий юу?
-Би хүнд сургаал хайрлах их дургүй. Хүүхдүүд, шавь нартаа сургаал хайрлаад байдаггүй. Өөрөөр нь юмыг нь гаргуулж, өөрийнх нь юмыг дэмжүүлж, түүнд түлхүү анхаарч, өөрт нь мэдэгдэхгүй хөтөлнө үү гэхээс биш, “ингэ, тэг” гэдэг зүйл багшийн зарчим биш. Кино бол сурах бичиг биш шүү дээ. Тэг гэж хэлэхгүй. Зүгээр үүнийг гаргаад тавьчихвал, үзсэн үзэгчид эргээд боддог байх. Уран сайхны киноны гол зүйл бол үзэгчдэд ямар нэгэн хэмжээгээр юм бодуулах ёстой.
-Ингэхэд та кино урлагийн салбарын өнөөдрийн байдалт ямар үнэлэлт дүгнэлт өгөх вэ?
Ерөөсөө олон болох тусмаа чанар нь мууддаг юм байна. Олшрох нь сайн л даа. Залуучууд их орж ирж байна. Янз бүрийн уран бүтээлийн эрэл хайгуул хийж байна. Унаж, босож байна. Бүхэлд нь аваад харахаар, чанарын түвшин унаад байгаа юм. Уран бүтээлчдийн мэргэжлийн түвшинг яаж ахиулах вэ гэдэг дээр бид бодох цаг болж байгаа юм байна гэж бодогдож байгаа. Уран бүтээлчдэд тавьж байгаа шаардлага гэдэг юм уу даа. Би их хуурай үгээр хэлж байна даа. Тэр байхгүй байна. Тоо хөөцөлдөөд л. Ялангуяа хувийн сургуулиуд. Таван хүүхэд аваад чанартай сургаад гаргая гэхийн оронд арван хүүхэд аваад, арван саарал хүн гаргая гэхэд сургуульдаа ашигтай л даа.