Дөрөвдүгээр сард АНУ-д хэрэглээний үнэ хүлээлтээс илүү өсөлттэй гарсан нь инфляцын дарамтыг нэмэгдүүлж, иргэдийн амьжиргаанд нөлөөлж, улмаар Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ огцом өсгөхөд хүргэв.
Тодруулбал, тус улсын Хөдөлмөрийн яамнаас лхагва гарагт нийтэлсэн тоо баримтаас харахад, хүнс, эрчим хүчийг оруулаагүй хэрэглээний үнийн индекс дөрөвдүгээр сард өмнөх сараас 0.6 хувиар, өмнөх оны мөн үеэс 6.2 хувиар өссөн байна.
Харин ерөнхий хэрэглээний үнийн индекс өмнөх сараас 0.3 хувиар өссөн ба өмнөх оны мөн үеэс 8.3 хувиар өссөн нь сүүлийн хэдэн арван жилийн хамгийн дээд үзүүлэлт болжээ.
Өнгөрсөн сард орон сууц, хоол хүнс, онгоцны тийз, шинэ автомашины үнэ хамгийн ихээр өссөн байна.
“Bloomberg” агентлагийн санал асуулгад оролцсон эдийн засагчид хүнс, эрчим хүчийг оруулаагүй хэрэглээний үнийн индексийг өмнөх сараас 0.4 хувиар, ерөнхий хэрэглээний үнийн индексийг 0.2 хувиар өснө гэж таамаглаж байв.
Сүүлийн үеийн мэдээллүүд АНУ-ын инфляц дээд цэгтээ хүрсэн байж магадгүйг илтгэж байгаа ч үнийн өсөлт өндөр байгаа нь инфляц удаан хугацаанд өндөр хэвээр байна гэдгийг харуулж байна.
BLOOMBERG