Руандад үй олноор хоморголон устгасан хэрэгт буруутгагдаж, 20 жилийн турш эрэн сурвалжлагдаж байсан Протаис Мпираньяг хайх ажиллагааг албан ёсоор дуусгажээ. Протаис Мпиранья нь дайны гэмт хэрэг үйлдэн оргон зайлсан этгээд аж.
Руандагийн ерөнхийлөгчийн хамгаалалтын албаны командлагч асан, хоморголон устгасан хэргээр яллагдагчаар татагдсан Протаис Мпираньягийн цогцсыг хуурамч нэртэй чулуун хавтангийн дор оршуулсан байсныг НҮБ-ын мөрдөн байцаагчид тогтоожээ. Ингэхдээ хураан авсан компьютероос олдсон Мпираньягийн булшны чулууны гараар зурсан загварын тусламжтайгаар олж тогтоожээ.
НҮБ-ын мөрдөн байцаагчдын хүсэлтээр цогцсыг өнгөрсөн сард ухсан бөгөөд мягмар гарагт хийсэн ДНХ-ийн шинжилгээгээр баталгаажуулсан байна.
Анг удирдсан НҮБ-ын прокурор Серж Браммерц “түүний цогцсыг олсон нь цаашид хор хөнөөл учруулж чадахгүй гэдгийг мэдэх тайвшралыг өгч байна" гэж мэдэгдэв.
Хоморголон устгасан аймшигт явдлаас амьд үлдсэн хүмүүсийн хандивласан нас барагсдын зургийг 2004 оны 4-р сард Кигали дахь Гисози дурсгалын доторх ханан дээр байрлуулжээ.
Мпиранья Зимбабве улсад байхгүй гэж Засгийн газар нь мэдэгдэж байсан ч дөрвөн жилийн турш хуурамч дүрээр амьдарч байсан нь хожим илэрсэн юм.
Мөрдөн байцаалтын явцад Мпиранья ерөнхийлөгч Роберт Мугабегийн дэглэмийн үед Зимбабвегийн албаны хүмүүстэй байнга харилцаж байсан нь тогтоогджээ. Мпираня тутси, хуту омгийн 800 000 гаруй хүнийг хоморголон устгахад оролцож, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн зэрэг найман зүйл ангиар ялласан ч шүүхээр хэлэлцүүлэх үед түүнийг олж чадаагүй аж.
2015 онд шүүх хурал дууссаны дараагаар хуучин хэргүүдийг дуусгах баг байгуулагдсан бөгөөд нэг хэсэг нь Браммерцын ерөнхий прокуророор удирдуулсан жижиг мөрдлөгийн баг Мпираньяг эрэн сурвалжилж эхэлжээ.
Хоёрдугаар сарын 7-ны өглөө мөрдлөгийн багийн гишүүд оршуулгын газарт ирсэн бөгөөд булшнууд өндөр өвсөөр далдлагдсан байсан гэнэ. Мөрдлөгийн багийнхан хайж байсан зүйлээ олохын тулд хоёр цаг хагасын хугацаа зарцуулж, төрсөн он сар өдөр нь Мпираньягийнхтай таарч байсан “Самбао Ндумэгийн дурсгалд зориулав” гэсэн бичигтэй хар булшны чулууг олжээ.
Булшны чулуун дээрх франц бичээс нь: "Эх орон, ард түмэн, гэр бүлээ амь наснаасаа илүү хайрласан хүн энд үүрд оршин буй" гэж бичин, доор нь нум сум барьсан дайчин хүний бүдүүлэг дүрслэл, Тайван нойрс доо Аав минь” гэсэн бичиг сийлсэн байжээ.
Эх сурвалж: The Guardian