Хүн төрөлхтөн зөвхөн өөрсдийн сайн сайхан, гоо сайхны төлөө амьтдыг золиослон туршилт хийж, тэднийг ашиглаж байдаг. Бид энэ удаа веган гоо сайхны бүтээгдэхүүн худалдаалдаг дэлгүүрээс зөвлөгөө мэдээлэл бэлдлээ. Энэ төрлийн бүтээгдэхүүн нь арьсыг цожроож, түргэн хугацаанд үйлчилгээ үзүүлдэггүй. Харин арьсанд гэмтэл учруулахгүйгээр, зөөлөн аргаар сайн үр дүнд хүргэдэг байна.
Мөн хаврын улиралд эмэгтэйчүүдийн арьс их хуурайшдаг. Энэ үед арьсны чийгшлээ хэрхэн хадгалж үлдэх талаар тодуулсан юм.
Энэ талаар Арчер ийгл ХХК-ийн захирал Ж.Баярмаа, “Хүмүүс бид өөрсдийгөө гоё сайхан байлгахын тулд яагаад амьтан зовоох ёстой юм бэ гэсэн бодлоос л веган гоо сайхны бүтээгдэхүүнийг судалж эхэлсэн. Би өөрөө энэ төрлийн бүтээгдэхүүн зарж байж мах идээд яваад байвал утгагүй шүү дээ. Тиймээс цагаан хоолтон болсон байгаа.
Өнөөдөр бид байшингаас гараад л машинд, машинаасаа буугаад лифтэнд сууж гэртээ орчихдог болсон. Ийм хэв маяг тогтсон үед хүнд махан хоолыг бидний бие эрхтэн үнэндээ боловсруулж дийлэхээ болиод байгаа юм.
Веган бүтээгдэхүүнүүд химийн найрлагатай бүтээгдэхүүн шиг нүд ирмэхийн зуур таны өвчлөлийг алга болгох, цав цагаан болгоно гэсэн ойлголт байхгүй. Яг ургамлын гаралтай зөөлөн аргаар, урт хугацааны туршид хэрэглээд л явах юм бол үр дүнгээ аажуу уужуу үзүүлдэг ч гэсэн хүнд эргээд хорт нөлөө үзүүлдэггүйгээрээ онцлог. Маш хурдан хугацаанд өөрчлөлт үзүүлнэ гэдэг их аюултай зүйл шүү дээ” гэлээ.
Харин тэрбээр арьсаа эрүүл, чийгшилтэй байлгах талаар зөвлөхдөө:
- Манай Монгол ийм хуурай уур амьсгалтай юм чинь өдөр болгон маск тавихад буруудах зүйл огт байхгүй. Бид гадаа үргэлж явж байдаг болохоор нүүрэн дээр маш их агаарын бохирдол, тоос шороо, утаа зэрэг наалдсан байдаг. Нүдээр харагдахгүй ч гэсэн түүнийгээ маш сайн цэвэрлэж байх хэрэгтэй.
- Маск бол их ид шидтэй. Яагаад гэхээр арьсыг цэвэрлэдэг, нүхжилтийг багасгадаг, мөн дээр нь чийглэж өгдөг.
- Монголын ус их хатуу юм билээ. Би цоргоны /түүхий/ усаар нүүрээ угаадаггүй. Содатай усаар нүүрээ өглөө оройдоо угаадаг. Сода бол бактерийн эсрэг, юмыг зөөлрүүлэх, цайруулах, мөн цэвэрлэх үйлчилгээтэй. Тиймээс би содатай усаар өдөр бүр нүүрээ угаадаг юм. Түүнчлэн өглөө босоод содатай ус уудаг.
- Хүмүүс нарны тосыг гэртээ хүртэл түрхэж байх ёстой. Нар битгий хэл неон гэрлүүд хүртэл хүний нүүрний арьс руу гүн ороод меланин гэх арьсны бор нөсөөг томруулж, тодруулан арьсан дээр гаргаад ирдэг. Өдөр болгон нарны тос хэрэглэж байгаарай гэж зөвлөе.