Монгол Улсын алслагдмал, хязгаар нутагт оршин суудаг, эмнэлгийн оношилгоо үйлчилгээнд хамрагдах боломжгүй, төрөлхийн зүрхний гажигтай хүүхдүүдийн хагалгааны зардалд зориулж хандив цуглуулах зорилготой “Beyond the borders” сайн үйлсийн төслийг "Янжиндулам" ТББ эхлүүлжээ.
Уг төсөлд нэгдэхээр БНСУ-ын алдарт зураач И Юн Жон болон БНСУ-ын "Squid game" цувралд Алигийн дүрийг бүтээсэн залуу жүжигчин Анупам Трипапти нар Монголд ирсэн бөгөөд өнөөдөр хэвлэлийн хурал хийв.
зургийг TV9-ийн лайваас авав
“Beyond the borders” төслийг санаачлагч н.Янжиндулам “Би Янжиндулам ТББ-аар дамжуулж Монголынхоо нийгэмд яаж сайн үйл хийх вэ гэж маш олон жил бодож явсны эцэст БНСУ-д хамт сургууль төгссөн найзууд болон Монгол дахь танилын хүрээгээ ашиглаж, энэ төслийг эхлүүлсэн.
Бид яаралтай хагалгаа хийлгэх шаардлагатай нэг ч гэсэн хүүхдийн амийг аврах зорилго дор нэгдсэн" гэв.
БНСУ-ын алдарт жүжигчин Анупам Трипапти “Намайг энэхүү үйл ажиллагаанд урьж, оролцуулж байгаад баярлалаа. Их сургуулийн найз маань энэ сайн үйлсийн талаарх санаагаа надад хэлэхэд нь би маш их хүндэтгэж хүлээж авсан. Бид аль болох олон хүүхдийн амь нас эрүүл мэндийг хамгаалах зорилготойгоор төслийг эхлүүлж байна.
Хандивын үйл ажиллагаа маань амжилттай болно гэдэгт итгэлтэй байна.
Түүнчлэн, би маш олон монгол найзтай. Тиймээс ч монголчуудыг маш халуун, дулаан сэтгэлтэй хүмүүс гэдгийг мэддэг байсан тул Монголд анх удаа ирж байгаа ч маш дотно санагдаж байна.
Би монгол хүмүүсээс өмнө нь маш их хүндэтгэл, сайхан сэтгэлийг мэдэрч байсан учраас ямар нэг хэлбэрээр буцааж өгөхийг хүсэж байсан.
Тиймээс ч найзуудтайгаа хамтран хүүхдүүдэд туслах энэхүү сайн үйлсийн төслийн нэг хэсэг болж байгаадаа баяртай байна" гэлээ.