Бээжин коронавирусийн эсрэг хатуу арга хэмжээ хэрэгжүүлж, хэд хэдэн хотод хөл хорио тогтоогоод буй.
Хятадын үйлдвэрлэлийн үйл ажиллагаа 2020 оны 2-р сараас хойших хамгийн доод түвшиндээ хүрснийг албан ёсоор мэдээлэв. Энэ нь Бээжин коронавирусийн эсрэг хариу арга хэмжээгээ тууштай үргэлжлүүлж байгаа энэ үед эдийн засгийн хамгийн хүнд үетэйгээ нүүр тулсныг харууллаа.
Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны гол үзүүлэлт болох Худалдан авалтын менежментийн албан ёсны индекс (PMI) дөрөвдүгээр сард 47.4 болж өсөлтийг бууралтаас ялгаж буй 50 нэгжээс доогуур түвшинд хүрсэн бөгөөд эрх баригчид “үйлдвэрлэл ба эрэлтийн бууралт” гүнзгийрсэн гэдгийг мэдэгдэв.
Сүүлийн саруудад Шэньжэнь, Шанхай зэрэг эдийн засгийн хүчирхэг төвүүдийг багтаасан олон арван хотууд бүрэн эсвэл хэсэгчилсэн хөл хорионд орсон нь эдийн засгийн хямралыг улам бүр нэмэгдүүлж байна.
БНХАУ-ын Үндэсний Статистикийн Товчооны (NBS) ахлах статистикч Жао Чинхэ зарим аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэлээ багасгах эсвэл зогсоох шаардлагатай болсныг хүлээн зөвшөөрч, олон компанид тээвэрлэлтийн хүндрэл нэмэгдэж байгааг онцолжээ.
Хятадын хэвлэл мэдээллийн Caixin групп өөрийн үйлдвэрлэлийн худалдан авалтын менежментийн индексээ гаргажээ. Уг үзүүлэлт хоёр дахь сардаа дараалан муудаж, 48.1-ээс 46.0 болтлоо буурчээ. Жижиг дунд үйлдвэрүүдийг хамарсан Caixin судалгааг зарим хүмүүс төрийн томоохон бүлгүүдийн нөхцөл байдлыг илүү нарийн хянадаг засгийн газрын албан ёсны тоо баримтаас илүү Хятадын эдийн засгийн нөхцөл байдлыг илүү үнэн зөв тусгаж байна хэмээн дүгнэж буй аж. "Ковид-19-тэй тэмцэж буй арга хэмжээ нь логистикийн салбарт хэд хэдэн зүйлээр нөлөөлсөн" гэж Caixin Insight группийн ахлах эдийн засагч Ван Жэ мэдэгдэв.
Hang Seng банкны ахлах эдийн засагч Дан Ван нөхцөл байдал маш түгшүүртэй байгааг хэлээд "Шанхайн хөл хорио зүүн эрэг орчмын ихэнх үйлдвэрүүдийн хувьд сөргөөр нөлөөлнө " гэж бодож байгаагаа илэрхийлсэн байна.
"Шанхайд болж буй үйл явдлыг анзаарсан бусад олон хотууд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна. Энэ нь нийлүүлэлтийн сүлжээнд асар их саад учруулж байна "гэж тэр нэмж хэлэв.
Пүрэв гарагт технологийн аварга Apple компани БНХАУ-ын Ковид-19-ийн эсрэг авч буй хөл хорио нь зургадугаар сарын үр дүнг 4-8 тэрбум ам.доллароор бууруулах гол хүчин зүйл гэдгийг анхааруулжээ.
Эх сурвалж: Aljazeera