Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах “11 11” төвд иргэдээс ирүүлсэн, санал, хүсэлт, өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар Засгийн газрын газрын хуралдаанд танилцууллаа. Тус төвийг Ерөнхий сайдын ажлын алба хариуцаж, үйл ажиллагааг нь өргөжүүлснээс хойш иргэдийн дуудлагыг алдахгүй авдаг болсон гэдгийг мэдээлсэн юм.
Энэ хугацаанд 10,459 иргэн "11 11" төвд хандсан бөгөөд санал хүсэлтийг системд бүртгэн мэргэжлийн байгууллагад шийдвэрлүүлэхээр уламжилсан байна. Ерөнхий сайдын Ажлын алба, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Сангийн яам, Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар иргэдээс хамгийн олон санал, хүсэлт хүлээн авчээ.
Төр иргэдээ сонсох ёстой, санал хүсэлтийг нь шийдвэрлэхийн төлөө ажиллах ёстой. Тиймээс хамгийн олон санал, хүсэлт ирж буй асуудлаар холбогдох салбарын сайд, агентлагийн дарга нар “11 11” төвд очиж иргэд, олон нийттэй уулзаж, тэдний саналыг сонсож шийдвэрлэж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо.