Сүүлийн үед “Хурд групп”-ын барилгуудтай холбоотой асуудлууд олон нийтийн бухимдлыг төрүүлээд буй. Үүний нэг жишээ бол “Рапид харш хороолол”-ын байрнуудын тагт нурж унахад бэлэн нөхцөл байдалтай байгаа талаар иргэд мэдээллээ.
Бид үүний дагуу “Рапид харш хороолол”-д очиход дийлэнх байрны тагт цуурчээ. Хороо болон СӨХ-нд оршин суугчдын ирүүлсэн мэдээллээр 100 гаруй айлын тагт цуурсан гэжээ. Мөн Хурд группын барьсан энэхүү орон сууцнууд 2011 онд анх ашиглалтад орохдоо л тагт нь цуурч эхэлсэн талаар СӨХ-ны дарга болон оршин суугчид хэллээ.
Энэ талаар оршин суугчид…
- Жил өнгөрөх тусам л тагтны ангархай нь томорч байна. Би энд хөгшинтэйгөө 12 жил амьдарч байна. Дөнгөж ашиглалтад ороход нь л орсон юм. Анх ороход л тагтнаас салхи сийгээд, цуурч эхэлсэн. Хөгшин бид хоёр барилгын хүн биш шүү дээ. 100 айлаас олгойддог хөөс аваад намар хөөс хийчихдэг юм.
- Цууралт хэзээнээс үүссэнийг мэдэхгүй байна. Ямар ч л байсан цуурчхаж. Тагтны дээврээс борооны дусал байнга гоождог. Энэ мэт асуудлууд их тулгарна.
- Жилдээ ганц нэг засвар хийдэг. Өөрсдийн худалдаж авсан байрандаа хийхгүй гээд яах вэ. Гэлээ ч тагт нь ийм амархан сална гэдэг барилга буруу баригдсан болов уу гэсэн хардлага байна.
- Энд ирээд таван жил болж байна. Биднийг нүүж ирэхэд л ийм байдалтай байсан. Өмнө нь байсан айл засвар хийсэн юм шиг байна билээ. Манайх бол засвар одоогоор хийгээгүй байна.
Бид энэ асуудлаар ХУД-ийн 15 дугаар хорооны засаг дарга П.Мөнх-эрдэнээс зарим зүйлийг тодрууллаа. Тэрбээр, “Рапид хотхон маань найман мянга орчим иргэнтэй. Цууралттай холбоотой асуудал оршин суугчдад тулгамдаад байна. Өнгөрсөн жилээс хойш иргэдээс хүсэлт тавьсан. Хүсэлтийг СӨХ-нд уламжлаад, СӨХ нь хувийн өмчид засвар хийх боломжгүй. Ингээд барилгын компани буюу “Хурд групп”-т хандъя гэдэг боловч “Хурд”-ын зүгээс баталгаат засварын хугацаа дууссан. Засварлах боломжгүй гэдэг хариу өгдөг юм билээ. СӨХ-ны 26, 28,17, 19, 21 дүгээр байрууд гээд ихэнхэд нь цууралттай холбоотой асуудал гарсан. 60 өрхийн мэдээлэл байна. Үүний цаана мэдээллээ ирүүлээгүй өрхүүд ч байж болно. 100 орчим айлуудад тагтны асуудал байгаа гэж харж байна” гэлээ.
“Хурд групп”-ын барьсан энэхүү хороололд зөвхөн тагтны асуудал байгаа юм биш. Орцны үүд хэсэг нь салж унасан талаар СӨХ-ны дарга хэлээд, саяхан засварласан гэж ярив. Мөн НМХГ-т хандсан ч “хүүхдийн тоглоом” шиг дүгнэлт ирүүлсэнд бухимдалтай байгааг хэлсэн юм.
“Наадам” СӨХ-ны дарга Д.Доржхүү, “Тагтны цууралт 2012 оноос л үүссэн асуудал. Эхний хоёр гурван жилдээ бага багаар ангайдаг байсан. Барьсан компани нь гурван жилдээ хариуцаж байсан үе. “Хурд групп” тухайн үед байнгын засварчин гаргаад засдаг байсан юм. Янзалсан ч гэсэн жил бүр ангайна. Хананаасаа нэвт салхилна. Мэргэжлийн хяналтын байгууллагад бид хандсан. Дүгнэлтийн хариу таг бөөрөнхий. Нурааж солих шаардлагатай гэсэн хариулт байсан. Хэний буруу, юунаас болсон гэдэг нь тодорхойгүй. Оршин суугчид хэдэн тонн ачаа овоолоод байсан бол нэг өөр хэрэг. Гэтэл юу ч байхгүй. Зарим айлууд цэвэрхэн модоор доторлоод байж байхад ангайгаад л байгаа юм. Бүгдийг нь янзлах арга хэмжээ авна даа. Уг нь СӨХ дундыг өмчийг хариуцах ёстой. Гэхдээ засахгүй гээд яах вэ” гэв.
Бид мэдээллийг тэнцвэртэй байлгах үүднээс Рапид харш хороололд үүсээд буй асуудалтай холбогдуулан Хурд группээс барилга стандартын дагуу баригдсан эсэхийг тодруулах гэсэн боловч тодорхой мэргэжилтнүүд цайндаа орсон учир мэдээлэх боломжгүй. Улсад хүлээлгэж өгөөд 10 гаруй жилийн хугацаа өнгөрсөн болохоор энэ талаар мэдэх хүн байхгүй гэсэн тайлбар өглөө.
-Хурдын барьсан барилга асуудалтай байгаад байна. Үүнийг төлөөлөөд хэн яриа өгөх боломжтой вэ?
-Албан ёсны хариулт өгөх хүн байхгүй байна. Бүгд цайндаа гараад явсан. Томчууд хуралтай.
-Та дугаарыг нь өгч байх уу?
-Наадах чинь гараад 10 жил болчихсон. СӨХ нь хариуцна даа.
-10 жилийн хугацаанд тагт нь салж унана гэдэг баригдаж байх явцын асуудал байгаа биз?
-Мэдэхгүй чи тэрийг тодорхойлсон юм уу? Манайх гараараа бариагүй. Зөвхөн захиалж бариулсан. Тусдаа жижиг компаниуд гараад явсан. Хаагуур явж байгааг нь би мэдэхгүй.