Украины ерөнхийлөгч асан Петр Порошенко Aljazeera агентлагийн сэтгүүлчид хэлэхдээ "Энх тайванд хүрэх хамгийн дөт зам бол Киевийг зэвсгээр хангах явдал юм” гэжээ.
Тэрбээр олон улсын хамтын нийгэмлэгт хандан өөрийн улсыг илүү их зэвсгээр хангаж, ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээгээ үргэлжлүүлэхийг уриаллаа.Ингэхдээ "Олон улсын хамтын нийгэмлэгээс бидэнд туслаж илгээх ганц зүйл нь зэвсэг, зэвсэг, бас дахин зэвсэг хэрэгтэй байна" хэмээн мэдэгдсэн байна. Украины экс ерөнхийлөгч мөн олон улсын хамтын нийгэмлэгт хандан Оросын бүтээгдэхүүнд нь хориг тавьж, энгийн иргэдийг хамгаалахын тулд Украины агаарын орон зайг хааж өгөхийг хүссэн юм.
2014-2019 онд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан 56 настай Порошенко эх орноосоо урвасан хэргээр шалгагдаж, өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Украиныг орхин явсан билээ. Одоогийн ерөнхийлөгч Владимир Зеленскийн холбоотнууд бэлтгэсэн, эх орноосоо урвасан хэргээр экс ерөнхийлөгчид хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.
Порошенког 2014-2015 онд хууль бус нүүрс борлуулах замаар Оросын дэмжлэгтэй салан тусгаарлагчдын дайчдыг санхүүжүүлсэн хэрэгт холбогдуулан шалгаж байлаа. Түүний гэм буруутай нь тогтоогдвол 15 жил хүртэл хорих ялаар шийтгэнэ. Үүнийг Порошенкогийн намынхан Зеленскийгийн сөрөг хүчнийхээ амыг таглах гэсэн увайгүй оролдлого хэмээн буруутгаж буй.
Тус улсын хамгийн баян хүмүүсийн нэг Порошенко нэг сар эзгүй байсны эцэст өнгөрсөн нэгдүгээр сард Украинд Оросын түрэмгийллийг зогсооход тусална гэж амласны дараа Киевт буцаж очжээ.
Эх сурвалж: Aljazeera