Шри-Ланка сүүлийн 70 гаруй жилд байгаагүй эдийн засгийн хямралтай байгаа энэ үед гадаад өр төлбөрөө түр хугацаанд төлж чадахгүй гэж мэдэгдлээ. Тус улсын албаны хүмүүс тахал өвчин болон Украины дайны нөлөөгөөр зээлдүүлэгчдэдээ өрөө төлөх "боломжгүй" болсон гэдгээ зарлалаа.
Өмнөд Азийн Шри Ланка улс хүнсний хомсдолд нэрвэгдэж, бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, цахилгаан эрчим хүч тасалдсан тул олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал өрнөж буй.
Гэхдээ Шри Ланкийн эрх баригчид ирэх долоо хоногт ОУВС-тай эдийн засгаа хэвийн байдалд оруулах зээлийн хөтөлбөрийн талаар яриа хэлэлцээ хийнэ.
Шри-Ланкийн Сангийн яам 1948 онд Их Британийн колоничлолоос гарч, тусгаар тогтносноос хойш татвараа төлж байсан "зээлийн цэвэр түүхтэй" гэнэ.
Мягмар гарагт Шри Ланкын Сангийн яам "Дэлхий дахинд өрнөж буй үйл явдлууд … Шри-Ланкийн төсвийн байдлыг алдагдуулж, улсын гадаад өрөө хэвийн төлөх, цаашид үргэлжлүүлэн төлөх боломжгүй болгосон" хэмээн онцолсон юм. Зээлийн үнэлгээний агентлагууд Шри Ланкийн одоогийн байдлыг дефолт гэж ангилаагүй байна.
S&P Global Ratings "тус улсын санхүүгийн хямралын өнөөгийн байдлыг яг өнөөдрийн мэдэгдлийнх нь хувьд тодорхойлон хэлэх зүйл алга" гэж мэдэгджээ. Нэгдүгээр сард тус компани Шри Ланкийн зэрэглэлийг "одоогийн байдлаар эмзэг, санхүүгийн амлалтаа биелүүлэхийн тулд бизнес, санхүү, эдийн засгийн таатай нөхцөлөөс хамааралтай" ангилал болгон бууруулсан аж.
Харин Asia Securities-ийн Лакшини Фернандо Шри Ланкийн засгийн газрын энэ алхмыг сайшааж, "Хэцүү дефолттой харьцуулахад илүү сайн сонголт" гэж нэрлэжээ.
Тэрээр "Бид энэхүү мэдэгдлийн дараа Шри Ланкийн зээлжих зэрэглэлийг "сонгомол дефолт" эсвэл "хязгаарлагдмал дефолт" болгон бууруулна гэж найдаж байна" гэжээ.
Тэрээр Шри Ланкад ирэх долоо хоногт олон улсын төрийн бондын төлбөрт 78 сая ам.доллар өр байгаа гэдгийг онцлов.
Гуравдугаар сарын эцэст Шри Ланкийн гадаад нөөц 1.93 тэрбум ам.долларт хүрсэн ч энэ онд төлөх ёстой 4 тэрбум орчим ам.долларын гадаад өртэй байгаа юм.
Тус улс саяхан Төв банкны шинэ даргыг томилж, үнийн өсөлт, амин чухал барааны хомсдолтой тэмцэхийн тулд үндсэн хүүгээ бараг хоёр дахин нэмэгдүүлсэн.
Сүүлийн хэдэн долоо хоногт нийслэл Коломбо хотын өрх болон аж ахуйн нэгжүүдийн цахилгаан эрчим хүч тасарсан тул жагсагчид гудамжинд гарч эсэргүүцлийн жагсаал хийсэн. Шри-Ланкчууд өнгөрсөн сард ОУВС-тай санхүүгийн тусламж авахаар хэлэлцээ хийхээс өмнө мөнгөн тэмдэгтийнхээ ханшийг огцом бууруулсны улмаас хомсдол, инфляцын өсөлттэй тулгарч байгаа билээ.
Эх сурвалж: BBC News