Орос Украины мөргөлдөөн дэлхийн хамгийн хүчирхэг паспортуудын нэг ОХУ-ын гадаадад зорчих паспортод нөлөөлж эхэлжээ.
ОХУ-ын цэргийн түрэмгийллийн улмаас улс орнууд тус улсын агаарын тээврийнхэнд агаарын орон зайгаа хааж, Украины дүрвэгсдэд хилээ нээж өгсөн нь дэлхийн аялал жуулчлалд нөлөөлөх болсныг сүүлийн үеийн мэдээллээс харж болно. Уг асуудал дэлхий даяар хамгийн олон оронд визгүй зорчих боломжтой улс гэгддэг хүчирхэг паспорттай орнуудын жагсаалтад бага зэрэг өөрчлөлт оруулж эхлээд байна.
Лондонд төвтэй дэлхийн иргэншил, оршин суух эрхийн зөвлөх Henley & Partners компаниас гаргасан индексээс харвал хоёрдугаар сарын сүүлчээр дайн эхэлснээс хойш олон улс орон хилээр нэвтрэх бодлогодоо өөрчлөлт оруулж Украины паспорт эзэмшигчдэд виз олгохгүйгээр шууд нэвтрэх эрх олгосон нь Украин улсын гадаад паспортыг хамгийн хүчирхэг паспортуудын нэг болголоо. Үүний зэрэгцээ, Европын холбоо, АНУ, Канад Оросын оператор компаниудыг агаарын орон зайд нэвтрүүлэхийг хориглосон бол зарим чиглэлүүд Оросын иргэдэд виз олгохоо больсон нь "дэлхийн ихэнх орнуудад Оросын паспортыг маш муу гэсэн статустай болгож байна" гэж Henley & Partners -ийн тайланд дурджээ. Henley & Partners-ийн мэдэгдсэнээр ОХУ-ын иргэдийн зорчих боломжтой улс орнуудын жагсаалтад хараахан нөлөөлөөгүй ч ирэх саруудад энэ байдал өөрчлөгдөх төлөвтэй байгаа аж.
2022 оны хоёрдугаар улирлын жагсаалтад Украин нэг байраар ахиж, индексийн 34-т бичигдэж байгаа бөгөөд тус улсын иргэд одоо 143 чиглэлд визгүй зорчих боломжтой боллоо. Харин ОХУ 4 байр ухарч 49-д бичигдэж, 117 орноор нээлттэй зорчих боломжтой болжээ. Визний хориг, хориг арга хэмжээ албан ёсоор хэрэгжиж эхэлбэл байдал улам дордох төлөвтэй байна.
Сонирхуулахад, Олон улсын агаарын тээврийн холбоо (IATA)-аас гаргасан онцгой мэдээлэлд үндэслэн мэдээллээ бэлддэг тус фирмийн Henley Passport Index нь 2006 оноос хойш дэлхийн аялал жуулчлалын хамгийн ээлтэй паспортыг тогтмол хянаж ирсэн юм.
Индексийн жагсаалтын эхний хэсэгт онцын өөрчлөлт ороогүй байна. Япон, Сингапур улсууд хамгийн хүчирхэг паспорттой улсуудын жагсаалтын нэг дүгээр байрыг хуваалцаж байна. Энэ хоёр улсын паспорт эзэмшигчид 92 чиглэлд визгүй зорчих боломжтой. Афганистаны иргэд энэ индексийн жагсаалтын хамгийн доод хэсэгт дахин бичигдэж, урьдчилсан виз шаардахгүйгээр ердөө 26 улсад нэвтрэх боломжтой байна.
Харин шилдэг 10-т бичигдсэн БНСУ, ХБНГУ-ын иргэд 190 оронд визгүй зорчих эрхтэйгээр хоёрдугаарт, Финланд, Итали, Люксембург, Испани 189 оронт чөлөөтэй нэвтрэх эрхтэйгээр гуравдугаар байрт бичигдэж байна.
Австри, Дани, Нидерланд, Швед улс 188 оноогоор дөрөвдүгээрт, харин Франц тавдугаар байр руу ухарчээ.
Өнгөрсөн сард Ковид-19-тэй холбоотой үлдсэн бүх хязгаарлалтаа цуцалсан Их Британи 117 оноотой Франц, Ирланд, Португалтай зэрэгцэн нэг байр урагшилж тавд орж, АНУ 186 оноотой зургадугаар байрт бичигдэж, Бельги, Шинэ Зеланд, Норвеги, Швейцартай ижил байрт бичигджээ.
Долдугаар байрт сүүлийн жилүүдэд ямар ч өөрчлөлт гараагүй. Австрали, Канад, Чех, Грек, Мальта 185 оноотойгоор хамт эрэмбэлэгджээ.
Эх сурвалж: CNN News