Ерөнхий сайд талбай дээр жагсаж байгаа залуустай уулзаж байна. Энэ үеэр залуус саатуулагдсан залуусыг суллахыг шаардаж, тулгараад буй асуудлаа хэлж, байр сууриа илэрхийллээ.
Энэ үеэр ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, "Засгийн Газар хийж чадах зүйлээ л хийж байгаа. Залуучууд та бүхэнтэй миний бие хамтдаа байгаа гэдгээ хэлэх нь зүйтэй. Хамтдаа хичээе. Миний хувьд хийж чадах бүх зүйлээ хийнэ гэдгээ амалж байна. Нэг өдрийн дотор бид бүгдийг шийдэх боломжгүй. Зохион байгуулалттай шийдэцгээе. Би та бүхэнд хий хоосон амлалт өгөхийг хүсэхгүй байна. Хөрш орнуудын асуудал бидэнд маш том нөлөө үзүүлж байгаа. Төв банк үнийн өсөлтөө хариуцах ёстой. Гэвч энэ нөхцөлд ганцаараа бүхнийг шийдэх боломжгүй учраас хуулийн төсөл өргөн барьсныг та бүхэн мэдэж байгаа байх. Хууль энэ долоо хоногт батлагдана. Үүний үр дүнд гол төрлийн барааны үнийг зохих хэмжээнд барих боломж бий болно. Ханшийн зөрүүг засгийн газар төлнө.
Би үзэл бодлоо илэрхийлж буй залуусыг барьж хорих хүн биш. ЦЕГ-ын даргыг дуудаж саатуулагдсан залуусыг сулла гэж хэлэх болно" гэв.
Энэ үеэр залуус Ерөнхий сайдад хандаж, “Бид сонгууль өгөхдөө хар машинаар саналаа өгмөөргүй байна. Танаас үүн дээр хариу авмаар байна. Яг одоо хариул” гэж шаардав.
Үүний хариуд Л.Оюун-Эрдэнэ: Хар машинд итгэхгүй байгаа бол гараараа тоолоход болохгүй зүйл байхгүй. Би өөрөө энэ хар машиныг эсэргүүцээд цагдаа дээр очиж байсан түүх бий. Та бүхэнтэй санал нэг байна гэлээ.