УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан, гурван бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хязгаарлах хуулийн төслийг хэлэлцэж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олон улсын хямралт нөхцөлөөс үүсэлтэй гол нэр төрлийн барааны нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өчигдөр /2022.04.05/ өргөн барьсан.
Ерөнхий сайд "Цар тахлын цаашдын төлөв, ОХУ, Украины зэвсэгт мөргөлдөөний үргэлжлэх хугацаа, олон улсын эдийн засагт үзүүлэх нөлөө тодорхой бус, байдал түргэн хугацаанд эрс өөрчлөгдөж байна. Иймд иргэдийн амьдралд гол нөлөө үзүүлдэг газрын тос, мах, гурилын хангамжид хомсдол үүсэх, үнэ өсөхөөс сэргийлэх, сөрөг нөлөөг бууруулах арга хэмжээг онцгой журмаар зохицуулах зайлшгүй шаардлага тулгарав гэсэн юм.
Хуулийн төсөлд эдийн засаг, хүн амын амьжиргаа, инфляцид голлох нөлөөтэй газрын тосны бүтээгдэхүүн, гурил, мах зэрэг бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн хомсдол, үнийн өсөлтөөс сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулахаар тусгасан байна.
Мөн гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх, үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Монголбанканд тушаах алтыг нэмэгдүүлэх, хилээр бэлэн гадаад валют гаргахад (20 сая төгрөгтэй тэнцэх) хязгаарлалт тогтоох харилцааг зохицуулахаар заажээ. Чуулганы хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцон, гишүүдийн асуултад хариулж байна. Тэрбээр,
"Бид хоригийн хоригт орчихлоо. Адаглаад мах, гурил, шатахуунтай байя. Бүх барааны үнийг төр хянаж чадахгүй. Амаргүй үед Засгийн газар маш тодорхой байр суурьтай байх ёстой. Улс төр болох вий хэмээн болгоомжилж, эс үйлдэхүй хийх нь буруу. Шатахуун литр тутамд 1000 төгрөгөөр өсөх нь таатай зүйл биш. Бид өөрсдийн нөөцөд тулгуурлан тэтгэврийн зээл нэмсэн. Би та бүхнээс юу ч нуухгүй, ил тод байн. Ирэх долоо хоногт би Эрдэнэбүрэнгийн УЦС-ын асуудлыг оруулна. Малчдад нөхөн олговор олгох шаардлагатай. Мөн нийслэлийн LRT тээврийн хэрэгслийг УИХ-тай ярилцах шаардлагатай. ил тод хэлэлцэх нь хамгийн зөв" гэлээ.