Мэргэжлээ зөв сонгох нь өөрийн амьдралдаа оруулж буй томоохон хөрөнгө оруулалт юм. Цалин өндөр эсвэл удам дамжсан зэрэг шалтгаанаар өөрийн сонирхол, ур чадвараа үл харгалзан мэргэжлээ сонгох байдал элбэг тохиолддог. Дургүй эсвэл өөрт сонирхолгүй мэргэжил эзэмших нь урт хугацаандаа цаг хугацаа, санхүү, сэтгэл санааны ихээхэн эрсдэл дагуулдаг. Харин өөртөө тохирох мэргэжлийг сонгосноор мэргэжилдээ эзэн болох, амжилт гаргах, тогтвор суурьшилтай ажиллах давуу талууд үүсдэг гэж олон улсын сэтгэл судлаачид, мэргэжилтнүүд үздэг. Иймээс сэтгэл зүйн онцлогтоо тааруулан хэрхэн мэргэжлээ сонгох талаар гэр бүл хүүхдийн боловсролыг дэмжих төвийн сэтгэл зүйч Д.Намуунзаяагаас тодрууллаа.
Тэрбээр "Мэргэжлээ зөв сонгох нь хэнд илүү хэрэгтэй вэ? гэж асуувал аав ээжид илүү хэрэгтэй байх тохиолдол байна. Мэргэжил сонголтыг хүүхдүүдээрээ сонгуулах ёстой. Хувь хүн болоод амьдрал дээр гарахаараа миний сонгосон мэргэжил гэж хайрлах юм уу эсвэл аав ээж сонгосон гэж бодох уу? Иймд эхлээд мэргэжил сонголт гэхээсээ илүү хүүхдийнхээ хувь хүнийг маш сайн мэдэх хэрэгтэй. Ихэнх эцэг, эхчүүд хүүхдүүдийнхээ өмнөөс аль хэдийн сонголтыг өөрсдөө хийсэн байдаг. Хүүхдийг өөрөөр нь мэргэжил сонголтыг хийлгэх хэрэгтэй. Ингэснээр хүүхэд хариуцлагатай, илүү биеэ даасан болдог.
Сэтгэл зүйн талаас нь тайлбарла гэх юм бол ерөнхий 4 төрлийн темперамент байгаа. Хүмүүс ярьдаг өөртөө итгэлтэй ярьдаг шүү, энэ хүүхэд дотогшоогоо,энэ хүүхэд хичээл зүтгэлтэй, энэ аягүй түргэн ууртай гэж ярьдаг. Энэ бол ердөө л хүүхдийн төрөлх араншин. Иймд эхлээд хүүхдийнхээ зан араншингийн онцлогийг тодорхойлох хэрэгтэй.
Темперамент нь хүний үйл явдал, зан аашинд илэрч буй эхийн хэвлийд байхаас тогтдог төрөлхийн зан чанар гэж үздэг. Харин интроверт (дотогшоо чиглэсэн), экстраверт (гадагшаа чиглэсэн), амбиверт (холимог) шинжүүд нь төрөлхийн биш өөрчилж болохуйц зан төлөвт тооцогддог. Өөрийн зан төлөвөө тодорхойлсноор өөрт тохирох ажил, мэргэжлийг сонгоход дөхөм байх болно.
Жишээ нь холерик хэв шинжтэй хүмүүс эрсдэл дагуулдаг, идэвхтэй амьдралын хэв шинжийг агуулсан хүмүүс байдаг бол сангвиник төрлийн хүмүүс илүү удирдан, зохион байгуулах чадвартай байдаг. Меланхолик хэв шинжид хамаарагдах хүмүүс бүтээлч байдал шаардсан тэр дундаа шинжлэх ухаан, урлагийн салбарт амжилт үзүүлдэг. Харин флегматик хүмүүс төлөвлөгөө, тооцоолол өндөртэй, үр бүтээлтэй ажиллах сонирхолтой бүтээн байгуулагчид байдаг гэж үздэг.
Мэргэжлээ сонгохдоо дараах зөвлөгөөг дагаад үзээрэй.
1. Сонирхлоо тодорхойлох
Өөрийн сонирхлоо цаасан дээр тодорхойлон буулгах нь мэргэжил сонгох эхний бөгөөд хамгийн чухал алхам юм. Дараах асуултаас санаа аван өөрөөсөө асуулт асуух замаар сонирхол, дуртай зүйлээ тодорхойлоорой.
- Цаг хугацааг мартаж хамгийн их таашаал авдаг зүйл, Яагаад?
- Эхэлсэн бол заавал дуусгаж байж санаа амардаг зүйл, Яагаад?
- Мөрөөдлийн мэргэжил, Яагаад?
Дээр асуултын хариултаас чиний сонирхол юунд хөтлөгдөж байгааг сайтар тунгаан бод. Хүн бүрт давуу болон сул талууд байдаг. Өөрийн сонирхлоо давуу талтайгаа уялдуулан сонголтоо хийгээрэй. Чиний давуу талыг найз нөхөд, гэр бүлийнхэн чинь хамгийн сайн мэдэж байгаад эргэлзэхгүй байна. Тэд л чамтай үргэлж хамт байж хөндлөнгийн нүдээр үнэн дүгнэх боломжтой хүмүүс юм.
2. Зан төлөвөө тодорхойлох
Хачин сонсогдох ч хүний зан төлөв, шинж чанаруудад тохирох мэргэжлүүд бий. Мөн хүний темперамент болон зан төлөвөөр нь тодорхойлох олон төрлийн судалгаанууд ч цөөнгүй байдаг. Темперамент нь хүний үйл явдал, зан аашинд илэрч буй эхийн хэвлийд байхаас тогтдог төрөлхийн зан чанар гэж үздэг. Харин интроверт (дотогшоо чиглэсэн), экстраверт (гадагшаа чиглэсэн), амбиверт (холимог) шинжүүд нь төрөлхийн биш өөрчилж болохуйц зан төлөвт тооцогддог. Өөрийн зан төлөвөө тодорхойлсноор өөрт тохирох ажил, мэргэжлийг сонгоход дөхөм байх болно.
Жишээ нь холерик хэв шинжтэй хүмүүс эрсдэл дагуулдаг, идэвхтэй амьдралын хэв шинжийг агуулсан хүмүүс байдаг бол сангвиник төрлийн хүмүүс илүү удирдан, зохион байгуулах чадвартай байдаг. Меланхолик хэв шинжид хамаарагдах хүмүүс бүтээлч байдал шаардсан тэр дундаа шинжлэх ухаан, урлагийн салбарт амжилт үзүүлдэг. Харин флегматик хүмүүс төлөвлөгөө, тооцоолол өндөртэй, үр бүтээлтэй ажиллах сонирхолтой бүтээн байгуулагчид байдаг гэж үздэг. Харин чи ямар темпераменттай, ямар зан төлөвтэй хүн бэ?
3. Авьяас, ур чадвараа таньж мэдэх
Авьяас чадвар гэхээр зөвхөн дуулах, бүжиглэх, спортоор гаргууд хичээллэдэг, зураг зурж, хувцас зохион бүтээхэд авьяастай гэж бууж байна уу? Үнэн хэрэгтээ хэн нэгэнд анзаарагдахгүй жижиг зүйлс ч чиний давуу тал байж болох талтай. Гэвч надад авьяас, чадвар байдаг юм болов уу гэж бодож байвал, санаа зовох зүйлгүй. Хүн бүрт авьяас чадвар, өөрийн гэсэн давуу тал байдаг.
Өөрийгөө танихын тулд “Юуг бусдаас давуу хийдэг вэ?”, “Юуг төвөггүй хийж, удаан хийсэн ч уйдаж залхмааргүй хийгээд л баймаар санагддагаа ажиглаад үзээрэй. Магадгүй мэдэхгүй бол ойр дотнын хүмүүсээсээ асуугаад үзэж болно шүү дээ. Авьяас чадварт зөвхөн дуулах, бүжиглэх, спортоор гаргууд хичээллэдэг, зураг зурж, хувцас зохион бүтээх чадварууд бууж байна уу. Үнэн хэрэгтээ хэн нэгэнд анзаарагдахгүй жижиг зүйлс ч чиний давуу тал байж болох талтай. Жишээ нь: Бусадтай харилцан ярилцах дуртай бол чамд олон нийттэй харилцсан эсвэл сургагч багшийн ажил тохиромжтой байж болох юм. Хэрэв эргэн тойрныхон нь чамд олон давуу талыг хэлж байвал анзаарч ажиглаагүй олон чадвар байна гэсэн үг шүү дээ.
4. Эрэлт ихтэй мэргэжлүүдийг тодорхойлох
Дэлхий дээр 10 мянга гаруй мэргэжил байдгаас хүн 60-70 төрлийн мэргэжил дунд эргэлддэгийг тогтоожээ. Ойрын 10-20 жилдээ эрэлтээ алдахгүй мэргэжлүүдийг жагсаан өөрийн сонирхол, ур чадвартаа нийцүүлэхийг хичээгээрэй. Техник технологийн эрин үед роботууд хөгжсөнөөр хүний гар оролцоо шаардахгүй ажил мэргэжлүүд ихээр бий болохыг судлаачид сануулах болжээ. Аж үйлдвэрлэлийн салбарт роботууд өндөр бүтээмжтэй ажлын байрыг бий болгож байгаа ч роботод байхгүй бүтээлч, хүнлэг сэтгэл шаардсан ажлууд эрэлт өндөртэй байхыг тодорхойлж байна. Мөн техник, технологийн үсрэнгүй хөгжлийн эрин үед компьютер, программ хангамжийн мэргэжилтнүүд ч эрэлттэй мэргэжлүүдэд багтаж байгааг доорх эх сурвалжаас харж болно.
5. Бусдаас зөвлөгөө авах
Таны сонирхож буй мэргэжлээр одоо ажилладаг болон сурдаг, төгссөн хүмүүсээс зөвлөгөө мэдээлэл авахаас бүү татгалзаарай. Тухайн мэргэжлээр ажилласан туршлагатай хүнээс зөвлөгөө мэдээлэл авах нь шийдвэр гаргалтад чинь нөлөөлж чадахуйц мэдээллийг тэднээс авах боломжийг өгөх болно. Мөн аав ээж, эргэн тойрныхоо зөвлөгөөг тоолгүй өнгөрч болохгүй. Тэд чиний санаагүйг сануулж, өөрийн таниагүй чухал чанараа олж авахад туслахыг үгүйсгэхгүй. Гэхдээ эцсийн сонголт чиний дур сонирхол, ур чадварт чиглэгдсэн байхыг битгий мартаарай.
Мэргэжлээ сонгох алхмууд:
- Өөрийн сонирхсон мэргэжлүүдийн жагсаалтыг гаргах. Энэхүү жагсаалтад заавал ур чадвар, авьяастай уялдуулалгүй сонирхож буй бүх л мэргэжлүүдээ жагсаан бичээрэй. Жишээлбэл: эрэлтээ алдахгүй мэргэжлүүдийн жагсаалтыг бичиж болно.
- Жагсаасан мэргэжлүүдээс авьяас ур чадвартаа нийцүүлэн сонгох. Өөрт байгаа төрөлх авьяас, ур чадвартайгаа уялдуулбал дээрх гаргасан жагсаалт нь багасаж илүү тодорхой болж ирнэ.
- Жагсаалтад багтсан мэргэжлүүдтэй танилцаарай. Уг жагсаалтад багтсан мэргэжлүүдийг нэг бүрчлэн судлахад чамд тохирохгүй, таарахгүй зүйлүүд гарч болзошгүй. Эх сурвалжуудаас хөгжиж дэвших боломж зэргийг ажиглах, засгийн газрын хөдөлмөр, халамжийн хэлтсээс гаргасан мэдээллээр зах зээлд ямар мэргэжлүүд эрэлттэй, илүүдэлтэй байгааг судалж харах боломжтой. Эх сурвалж: http://hudulmur-halamj.gov.mn/
- Богино жагсаалт үүсгэх. Сонирхол, ур чадвар, эрэлтэд тулгуурлан харвал жагсаалт нь анх гаргаснаас илүү богиноссон байх болно. Судалгааныхаа үр дүнд үндэслэн хийхийг хүсэхгүй байгаа ажил, мэргэжлээ дарж эхлээрэй. Эцэст нь богино жагсаалтад дор хаяж 2-5 мэргэжил үлдсэн байх болно.
- Мэргэжилтнүүдтэй уулзаж үзэх. Өөрт үлдсэн богино жагсаалтаар илүү гүнзгий нухацтай судалгааг одоо хийцгээе. Тунаж үлдсэн мэргэжлүүдээр суралцсан, төгссөн, олон жил ажиллаж байгаа мэргэжилтнүүдтэй уулзсанаар илүү амьдралд ойр бодитой мэдээллийг олох боломжтой.
- Мэргэжил сонголтоо хийх цаг. Эцэст нь бүх судалгаа, жагсаалтын үр дүнд маш цөөн сонголт үлдсэн байх болно. Олж авсан мэдээлэлдээ тулгуурлан өөрт хамгийн сэтгэл ханамж өндөртэйг нь сонгоорой. Магадгүй аль ч үед сонголтоо өөрчлөх уян хатан нөхцөлийг өөртөө өгөөрэй.
- Карьерын зорилго, үйл ажиллагааг тодорхойлох. Сонгосон мэргэжил, гаргасан шийдвэрийнхээ дүнд өөрт сурч мэдэх, туршлага хураах, чадвар олж авах урт болон богино хугацааны зорилгоо тодорхойлоорой. Урт хугацааны зорилгодоо сонгосон мэргэжлээрээ 3-5 жил суралцах, богино хугацааны зорилгодоо 6 сараас 3 жилийн дотор сургалт, семинарт хамрагдан сайжруулж болохуйц ур чадваруудаа жагсаах боломжтой. Ажил мэргэжлийн хувьд хаана очсон байх төлөвлөгөөг ч мөн боловсруулж учрах саад бэрхшээлийг даван туулах, гарч болох эрсдэл, төлөвлөгөө хэрхэн өөрчлөгдөж болох арга замаа ч бичиж тэмдэглэхээ мартваа.