Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар өмнө нь Уул уурхайн сайдаар ажиллаж байхдаа хууль бус үйлдэл хийсэн хэмээн Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөл ТББ-ын нарийн бичгийн дарга Ш.Түвдэнбалжир мэдээлэл хийлээ.
Тэрбээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан мэдээлэлд үндэслэж нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарыг хамаарал бүхий хүмүүсийнхээ хамтаар 30 гаруй тэрбум төгрөгийг хувьдаа хэрэглэсэн гэж үзэж байгаа аж.
Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөл ТББ-ын нарийн бичгийн дарга Ш.Түвдэнбалжир "Энэ асуудлаар би 2021 оны наймдугаар сарын 7-нд Авлигатай Тэмцэх Газар/АТГ/-т өргөдөл гаргаж өгсөн. Үүний дагуу АТГ ажиллагаа явуулж, долоо хоногийн дараа Эрүүгийн цагдаад шилжүүлсэн. Энэ их мөнгөний эх үүсвэрүүд, яаж шилжсэн, ямар хэмжээнд шилжсэн зэргийг олж тогтоохын тулд Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээр шалгуулсан юм.
Тус хэлтэс хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаад, харьяаллын дагуу нийслэлийн Прокурорын газарт хянуулахаар өгсөн боловч одоог хүртэл сураг алдарсан. Иймд хэвлэлийн хурал хийж, энэ ажлыг түргэвчлүүлэхээр Улсын Ерөнхий прокурорт хандаж байна. Хэрэв 14 хоногийн дотор хариу өгөхгүй бол Ерөнхийлөгчид хандахаас өөр аргагүй болно" гэлээ.
Түүнчлэн тэрбээр "Хуулийн байгууллага худал эсвэл үнэн гэж тогтоож өгөх ёстой. Үүнээс гадна би тухайн үед "Д.Сумъяабазараа гүтгэсэн гэж үзэж байвал намайг хуулийн байгууллагад өгөөч" гэсэн. Өнөөдрийг хүртэл намайг гүтгэлээ гэж зөрчлийн хэрэг үүсгээгүй. Миний эсрэг өргөдөл өгөхгүй байгаа шалтгаан нь дээрх хэрэг үнэн гэж би хувьдаа дүгнэж байгаа" хэмээв.