Израилийн Тель-Авив хотын ойролцоох Бней Брак хотод зэвсэгт этгээд халдлага үйлдэж, таван хүний аминд хүрчээ.
Израилийн телевизээр цацагдсан видео бичлэгт хар хувцастай эр автомат винтовтой Ортодокс шашинт еврейчүүд голчлон амьдардаг Бней Брак хотыг тойрон алхаж байгаа нь тод үлджээ.
Гэрчүүдийн хэлснээр гэмт этгээд тагт, гудамжинд байсан хүмүүс болон машин руу буудсан байна. Түргэн тусламжийн хэвлэлийн төлөөлөгч Заки Хеллер "террористыг устгасан" гэж мэдэгдсэн ч гэмт этгээдийн талаар тодорхой мэдээлэл өгөөгүй аж.
Израилийн Haaretz сонинд бичсэнээр бол зэвсэгт этгээд Баруун эрэгт амьдардаг 26 настай Палестин иргэн байсан гэж цагдаа нараас авсан мэдээллээс эш татжээ. Гэмт этгээд 2013 онд баривчлагдаж, зургаан сарын ял эдэлж байсан нэгэн гэдгийг мөн тодотгон бичсэн байна.
Израилийн Ерөнхий сайд Нафтали Беннетт мягмар гарагт аюулгүй байдлын дээд албан тушаалтнуудтай хуралдаж, терроризмын эсрэг “шаргуу, төмөр нударгаар” тэмцэхээ амлалаа.
Өнгөрсөн Ням гарагт Израилийн Хадера хотод хоёр хүний амийг хөнөөсөн хэргийн хариуцлагыг “Лалын улс” (IS) бүлэглэл хүлээсний дараа уг халдлага болж байна. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд Негевийн элсэн цөлд нэг хүн хутгалж, дөрвөн хүний аминд хүрсэн гэхчлэн тус улсад террорист халдлага ойр ойрхон гарч байгаа нь иргэдийг түгшээж байгаа юм.
Бней Брак хотод болсон халдлагын дараа цагдаа нар Араб-Израилчууд амьдардаг 12 байшинд нэгжлэг хийжээ. Өмнөх хоёр халдлагад халдсан этгээдүүд хоёулаа Израилийн иргэд байсан учир уг нэгжлэгийг зөвхөн Араб-Израилчуудын гэрт хийсэн гэнэ.
Халдлагын ард хэн байгаа вэ?
Мягмар гарагийн буудлагад хэн хариуцлага хүлээх нь одоогоор тодорхойгүй байна. Өмнөх хоёр хэргийн хариуцлагыг IS бүлэглэл хүлээсэн юм. Ням гарагт болсон халдлага Израильд болсон бүс нутгийн дээд хэмжээний уулзалттай давхцаж, тус улстай саяхан харилцаагаа хэвийн болгосон Арабын хэд хэдэн улсын төлөөлөгчид цугларч байх үед таарсан байна.
Египет, Марокко, Бахрейн, Арабын Нэгдсэн Эмират улсууд бүс нутгийн дээд хэмжээний уулзалтын үеэр ням гарагт болсон халдлагыг буруушаасан юм.
Эх сурвалж: DW News